MSports logo
ДАШТ-Д 16, 17 ДАХЬ УДААГАА АЖИЛЛАЖ БАЙГАА АХМАД СЭТГҮҮЛЧДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
  • А
    Админ

    11 сарын 29

  • ДАШТ-Д 16, 17 ДАХЬ УДААГАА АЖИЛЛАЖ БАЙГАА АХМАД СЭТГҮҮЛЧДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    Хөлбөмбөгийг хамгийн алдартай спорт болгоход хэвлэл мэдээллийнхэн үнэтэй үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хэвлэл мэдээллийнхэн хөлбөмбөгийн түүх, онцлох мөч, тоглолтууд, тэмцээний баатруудыг онцлон дэлхийн даяар түгээдэг. Энэхүү чухал үүргийг хүлээн зөвшөөрч, найм ба түүнээс дээш ДАШТ-ийг сурвалжилсан сэтгүүлчдэд амьдралынхаа ихэнх хугацаанд хөлбөмбөгийн спортын төлөө тууштай ажилласанд Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс мягмар гарагт хүндэтгэл үзүүллээ. Мэргэжлээрээ хөлбөмбөгийн төлөө зүтгэл, мэдлэг, ухаарал авчирч, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөгжөөн дэмжигчдэд тэмцээний сэтгэл хөдлөлийг хүргэсэн 70 гаруй сэтгүүлчдэд зориулсан тусгай ёслолыг Олон улсын спортын хэвлэл мэдээллийн холбоо /AIPS/-тэй хамтран зохион байгууллаа. 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Доха хотод болж байгаа нь хэвлэл мэдээллийнхнийг нэгтгэх онцгой боломж байсан бөгөөд бүх сэтгүүлчид хүрэлцэн ирж, хөлбөмбөгийн ДАШТ-ий цомын жижигрүүлсэн загварыг илэрхийлсэн шагналыг хүлээн авсан юм. Бразилийн дэлхийн домогт тоглогч, хоёр удаагийн дэлхийн аварга Роналдо ахмад сэтгүүлчдэд шагналыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг чимж байсан хамгийн агуу тоглогчдын нэг Роналдо 1998 онд Бразилийн шигшээ багтай финалд шалгарч байсан бөгөөд гурван тэмцээнд 19 тоглолтод оролцож, 15 гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд хоёр дахь хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон билээ. 

     

    Сэтгүүлчдийн дунд 1958 онд Шведэд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойшхи бүх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжилсан, одоо 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд радио тайлбарлагчаар ажиллаж байгаа Аргентиний Энрике Макая Маркес багтсан байна.  Түүний араас 16 дахь ДАШТ-ээ сурвалжилсан Германы Хартмут Шерцер, 15 дахь удаагаа оролцож буй Уругвайн Хорхе Да Силвейра нар оржээ. Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино видео бичлэг илгээсэн байна. Тэрбээр хэлэхдээ "Би ФИФА-гийн ерөнхийлөгчийн хувьд та бүгдэд үүрд талархаж байна. Би та бүхнийг магтан сайшааж, баяр хүргэе. Энэ бол маш онцгой өдөр, учир нь та бүхэн онцгой түүх, амжилттай хүмүүс. Та бүхний заримыг тань таньж байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоо та бүхнийг хүлээн зөвшөөрч, магтаж, шагнаж урамшуулж байна.” гэв.

    1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тоглолтын дараа хувцас солих өрөөнд тоглогчидтой ярилцах боломжтой байсныг Хартмут Шерцер дурсан ярьжээ.  Сүүлийн тоглолтын дараа би хувцас солих өрөөнд байхдаа Франц Беккенбауэртай ярилцаж байсан. Тэр дөнгөж 20 настай, их ичимхий байсан. Би түүнээс энэ бүхэн хэрхэн болсныг асуухад: "Надад Бобби Чарлтоныг харж, хамгаалах даалгавар байсан. Тэр тусмаа Бобби Чарлтон бол маш чадварлаг тоглогч учраас би маш сайн ажилласан гэж бодож байна." гэж хариулж билээ хэмээн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ажиллаж ирсэн дурсамжаасаа хувцаалцав. AIPS өмнө нь Олимпийн наадамд хэвлэл мэдээллийнхэнд хүндэтгэл үзүүлж байсан бөгөөд ДАШТ-ий хүрээнд анх удаагаа сэтгүүлчдэд шагнал хүртээж байна. Сэтгүүлчдийн дунд бичмэл хэвлэл, гэрэл зурагчид, телевиз, радиогийн тоймчид багтсан юм