Ичиро Тамаваши өдгөө 40 настай. Батжаргалын Мөнх-Оргил нь ШУТИС-д зочид буудлын менежерээр суралцаж байсан ч том бие, бие бялдрын хүч чадлаа ашиглан сүмогоор хичээллэх хүсэлдээ хөтлөгдөж, Токиогийн их сургуулийн аспирантурт сурахаар 2003 оны намар Япон улсыг зорьсон байдаг. Эгчийнхээ тусламжаар Японд очсон Б.Мөнх-Оргил нь сүмочин болох зорилготойгоор Изүцүгийн дэвжээнд зочлож, нутаг нэгт бөх Какүрюүтэй таарсан гэдэг. Тэмцээнд оролцох талаар Какүрюүтэй зөвлөлдөж, Асахи Вашизантай холбоо барих мэдээллийг өгсөн нь түүнийг Катонамигийн дэвжээнд нэгджээ. Тэрбээр анх 2004 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод барилдаж, тэмцээнд орохоосоо өмнө спортын ямар ч туршлагагүй байсан ч 2005 оны долдугаар сард макүшитад дэвшиж, 2007 оны есдүгээр сард макүшита зиндааны баруунд 32-р байрт орж, макүшитад аварга болсон байна. Дараачийн арваннэгдүгээр сард макүшитад 4 даваа, 3 унаатайгаар хоёрдугаар байрт шалгарч, 2008 оны нэгдүгээр сарын башёд жюүрёод дэвшжээ. Мөн оныхоо есдүгээр сард дээд зиндаанд хөл тавьсан. Харин 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмогийн хамгийн өндөр буюу саняаку цол хүртэж байлаа.
Тамаваши Б.Мөнх-Оргил Японы иргэншилтэй болжээ
3 сарын 19
Тамаваши 2017 онд Тэрүнофүжигээс хойш Монголоос ес дэх шинэ сэкивакэ болж байв. Тодруулбал, Тамаваши 2019 оны Нэгдүгээр сар, 2022 оны Намрын тэмцээнд түрүүлж байсан. Мөн жюүрёрд 1, макүшитад 1 түрүүтэй. Японы мэргэжлийн сүмогийн 2022 оны Аки башёд Б.Мөнх Оргил түрүүлж, 37 насандаа сүмогийн дээд зиндаанд түрүүлсэн нь дээд зиндаанд түрүүлсэн хамгийн ахмад бөх болж байлаа. Тухайн үед Б.Мөнх-Оргил түрүү хүртсэнээр Макүүчи зиндаанд монгол бөхчүүд 96 дахь түрүүгээ хүртэж байсан түүхтэй.
21 жилийг Японд өнгөрүүлээд буй Тамаваши Японы иргэншилтэй болсон тухай өнөөдөр буюу энэ сарын 19-нд албан ёсны хэвлэлд нийтэллээ. Түүнийг зодог тайлсныхаа дараа Японы сүмогийн холбоонд ояката болохын тулд тус улсын иргэн байх ёстой учраас ийм шийдвэр гаргажээ. Түүний нийт барилдааны тоо 1592 (хаврын тэмцээний 9 дэх өдрийн байдлаар) түүхэндээ барилдааны тоогоор хоёрт бичигдэж байгаа бөгөөд "Төмөр хүн" гэдгээрээ алдартай.
Монголоос 2019 онд ёкозүна Хакүхо (одоогийн Миягино), 2020 онд ёкозүна Какүрюү (одоогийн Отоваяма), 2021 онд ёкозүна Тэрүнофүжи нар Японы иргэншилтэй болсон байдаг.