Парис-2024 паралимпын наадмын нээлтэд Пара тамирчин, сансрын нисгэгч Жон Макфолл паралимпын тугийг залах индэрлүү тугийг буухиалан явсан билээ. Тэрээр удахгүй сансарт ниссэн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүн болж магадгүй бөгөөд "хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юунд хүрч болдгийг харуулахад тусалсан" гэж паралимпын наадамд талархаж байгаагаа мөн хэлжээ.
Жон Макфолл нь 2022 онд дэлхийн анхны хөгжлийн бэрхшээлтэй сансрын нисгэгч болж, ESA-ийн сансрын нисгэгчдийн нөөц багт элссэн юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй сансрын нисгэгчдийг сансарт хөөргөх болон ирээдүйн боломжит нислэгт хамруулах ТЭЗҮ-д оролцох юм. Европын сансрын нисгэгчдийн гурав дахь үеийнхэнд таван сансрын нисгэгч, сансрын нисгэгчдийн нөөцийн 11 гишүүн, бие бялдрын бэрхшээлтэй нэг сансрын нисгэгч багтах бөгөөд 17 хүнийг Европ даяар 22,500 гаруй өргөдөл гаргагчаас сонгожээ.
Өдгөө 43 настай Макфолл нь 19 настайдаа мотоциклийн ослоор баруун хөлөө тайруулсны дараа хиймэл хөл хийлгэснээр спортоор хичээллэх болж, улмаар гүйж сурч, хөнгөн атлетикийн мэргэжлийн тамирчин болжээ. Тэрээр Их Британи улсын пара хөнгөн атлетикийн шигшээ багийн гүйлтийн тамирчин байсан бөгөөд Бээжин-2008 паралимпын наадамд 100 метрийн T42 төрөлд хүрэл медаль хүртэж, гүйлтийн спортоор олон улсад амжилт үзүүлж байсан юм. Мөн 2014 онд Кардиффын их сургуулийн Анагаах ухааны сургуулийг Анагаах ухаан, мэс заслын бакалаврын зэрэгтэй төгсөж, Хатан хааны мэс заслын коллежийн гишүүн болжээ.