“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өнөөдөр хөшгөө нээсэн. Тус наадамд дэлхийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөнө. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байгаа билээ. Өнөөдөр Монголын Пара тамирчдын салхийг хагалж усан спортын S6 ангилал буюу эмэгтэйчүүдийн 50м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд Монголын Үндэсний шигшээ баг, We Aquastic клубийн тамирчин Хүрэлийн Номуун өрсөлдөх гэж байна.
“Парис 2024”: Өнөөдөр Паралимпын наадамд оролцож буй Монгол тамирчдын салхийг хагалж Х.Номуун уралдана
8 сарын 29
Түүний төрөл Монголын цагаар 16:40 цагт эхлэх ба манай тамирчин хоёр дахь гараанд БНХАУ, Ирланд, Украйн, АНУ, Швецарь зэрэг улсын 6 тамирчинтай уралдах юм. Тус төрөлд нийт 14 улсын тамирчид хоёр гараанд уралдах ба гараа бүрийн шилдэг дөрвөн тамирчин медалийн төлөө өрсөлдөнө. Х.Номуун нь сүүлийн гурван удаагийн олон улсын тэмцээний чансаагаар Паралимпыг зорих эрхтэй болсон билээ. Тэрбээр “Ханжоу-2022” Азийн наадамд анх оролцохдоо 400м-ын чөлөөт сэлэлтийн төрөлд 7:13:35 амжилттайгаар 6-р байр, 2023 онд Английн Манчестер хотод болсон ДАШТ-ий 100м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд 1:37:33 амжилттайгаар 10-р байр, тус тэмцээний 50м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд 51:65 амжилтаар 8-р байранд тус тус бичигдэж байсан юм. Түүний дээрх амжилтууд нь Монгол улсын пара эмэгтэй усанд сэлэгчдийн 50м, 100м, 400м-ын рекордыг хоёр ч удаа шинэчлэн тогтоосон билээ.
Та бүхэн Паралимпын наадамд оролцож буй Монгол тамирчдын хуваарь, оноолт, үр дүн, мэдээ мэдээллийг msports.mn-ий ТЭМЦЭЭН хэсгээс болон Msports app-аар дамжуулaн цаг алдалгүй авах боломжтой. Msports App татахыг хүсвэл ЭНД дарна уу.