MSports logo
МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ШИГШЭЭ ДАШТ-Д БАГИЙН ДҮНГЭЭР ДЭД БАЙРАНД ЭРЭМБЛЭГДЭЖ БАЙНА
  • А
    Админ

    10 сарын 9

  • МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ШИГШЭЭ ДАШТ-Д БАГИЙН ДҮНГЭЭР ДЭД БАЙРАНД ЭРЭМБЛЭГДЭЖ БАЙНА

    Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний дөрвөн өдрийн дараах байдлаар манай улс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, нэг шагналт тавдугаар байрын амжилтаар багийн дүнгээр хоёрдугаар байрт эрэмблэгдэж байна. Манай улсын алтан медалийг 73 кг-ын жинд Монгол улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатар хүртсэн. Бямба гарагт болсон 73 кг-ын жингийн шигшээ барилдаанд Японы Хашимото Соичи болон Монголын Цэнд-Очирын Цогтбаатар нар учраа тааран барилдсан. Энэ жинд Японы нэрт аварга Шохэй Оно бэртлийн улмаас оролцоогүй. Шийдвэрлэх өрсөлдөөнд 2017 оны дэлхийн аварга Японы Хашимото Соичи дахин аварга болох зорилготой байсан. Хашимотогийн хувьд Цогтбаатараас нас туршлага илүү ч Монголын авьяаслаг бөх, шийдэмгий дайчин өрсөлдөж, вазари үнэлгээгээр ялж, жүдогийн ертөнцийн шинэ аварга боллоо.

    Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Израилийн бөх Идо Левинийг ялж, гуравдугаар тойрогтоо Румын улсын Адриан Сулкаг буулган авч, хэсгийн аваргын төлөө Канадын Артур Маргелидоныг ялснаар хагас шигшээд шалгарсан юм. Хагас шигшээд тэрбээр Италийн Мануэль Ломбардог ялж, финалд шалгарсан. 2017 оны дэлхийн аварга Хашимотогийн хувьд Гүржийн домогт, дэлхийн аварга Лаша Шавдатуашвилиг финалд хүрэх замдаа буулган авсан. Монгол Улсын тамирчин, Олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатарын хувьд 2014 оноос хойшхи Монгол Улсын нэрийн өмнөөс анхны дэлхийн аварга цолыг хүртлээ. Зургаадугаар сард болсон Улаанбаатарын Их дуулга тэмцээний дараа энэ жил Монголын жүдо бөхийн хувьд гайхалтай жил байлаа. Тус медалийг "Ултима" группийн гүйцэтгэх захирал Макс-Херве Жорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нар гардуулан өгсөн. Цогтбаатар дэлхийн аварга болсныхоо дараа “Би өнөө өглөө аварга болох хүсэл тэмүүлэлтэй сэрсэн. Өнгөрсөн жил Токиогийн олимпод хүрэл медаль хүртсэн, энэ жил олимпын медалиа дэлхийн аваргын алтан медалиар бататгах дүүрэн итгэлтэй байсан. Алтан медаль хүртсэндээ туйлын баяртай байна. 8 жилийн өмнө 60 кг жинд Ганбатын Болдбаатар ах дэлхийн аварга болж байсан. Тэр үед би 60 кг-д барилддаг хүүхэд байсан. Олимп, дэлхийн аварга болох зорилготойгоор бэлтгэлээ хийж ирсэн. Дэлхийн аварга болсондоо маш их баяртай байна” гэсэн юм.

    Эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Ариунболд мөнгө, 73 кг-д Ц.Цогтбаатар алтан медаль, эмэгтэйчүүдээс-57 кг-д Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн бол 52 кг-д Б.Хорлоодой шагналт 5-р байрт шалгарсан билээ. Харин багийн дүнгээр нэгт Япон улс 5 алт, 3 мөнгө, 1 хүрэл, шагналт 5-р байр нэг, 7-р байранд шалгарсан тамирчин 1 гэсэн амжилттайгаар тэргүүлж байна. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Ташкент жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаар "дэлхийн спортын нийслэл" болно гэж Узбекистаны Ерөнхий сайд онцолж байна.

    Н.Бэлгүүн