MSports logo
КАРЛОС АЛКАРАЗ АМЕРИКИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ, ДЭЛХИЙН ЧАНСААНЫ 1-Р БАЙРАНД ЭРЭМБЛЭГДЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 11

  • КАРЛОС АЛКАРАЗ АМЕРИКИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ, ДЭЛХИЙН ЧАНСААНЫ 1-Р БАЙРАНД ЭРЭМБЛЭГДЛЭЭ

    Талбайн теннисний Америкийн нээлттэй тэмцээн 8-р сарын 29-нөөс 9-р сарын 11-ний өдрүүдэд зохиогдлоо. Өчигдөр буюу ням гарагийн шөнө Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн финалын тоглолт Испанийн залуу теннисчин Карлос Алкараз болон Норвег теннисчин Каспер Рүүд нарын хооронд өрнөлөө. Хоёр тамирчны хувьд анх удаагаа финалд шалгарсан нь энэ байсан бөгөөд аль ч теннисчний хувьд ялвал түүхэн амжилтын эзэн болох чухал тоглолтыг хийсэн юм. Алкараз, Рүүд нар энэхүү тоглолтоос өмнө нь хоорондоо хоёр удаа учраа таарахд 2021 оны Испанийн Марбелагийн нээлттэй тэмцээнд Алкараз 6-2, 6-4-өөр илүүрхэж, 2022 оны Миамид болсон мастерс чансааны 1000 онооны тэмцээнд Алкараз мөн хожил байгуулж байсан юм. Сүүлийн үед цахиур хагалж, талбайн теннисний эрэгтэйчүүдийн өрсөлдөөнд шинэ өнгө төрхийг нэмж байгаа Карлос Алкараз Америкийн нээлттэй тэмцээний талбайд ч мөн гялалзаж чадлаа.  Ийнхүү түүхэн үдэш Карлос Алкараз Каспер Рүүдийг 6-4, 2-6, 7-6, 6-3-аар буулган авснаар анхны Их дуулга цомоо хүртэж, ATP чансааны 1-р байрт бичигдэх боллоо.

    Финалын тоглолтыг дэлхий нийтээр харж байгаа энэ үед Испани эр хүчтэй цохилт давуулалтаа үзүүлж, Артур Аше цэнгэлдэх хүрээлэнд Норвеги тоглогчийг илүүрхэж чадлаа 2003 онд төрсөн 19 настай залуу теннисчний хувьд  дөрөв дэх сетийн дарамтыг даван туулж, гурван цаг 20 минутын дараа улирлын 51 дэх ялалтаа авлаа. Түүхэн ялалтынхаа дараа Нью-Йорк хотноо цугларсан олон теннисний хөгжөөн дэмжигчдийн тэрбээр сэтгэл хөдлөлөө барьж ядан баяраа тэмдэглэсэн юм. Тоглолтын дараа Алкаразын сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, газар унан бахдаж, үүний дараа дасгалжуулагч Хуан Карлос Ферреро тэргүүтэй багаа тэврэн түүхэн мөчөө хуваалцлаа. "Энэ бол миний багаасаа мөрөөдөж байсан зүйл. Дэлхийд 1-р байр эзлэх, Их дуулга тэмцээний аварга болно гэдэг бол миний үнэхээр шаргуу хөдөлмөрлөж хүссэн зүйл минь байлаа” гэж Алкараз цом гардуулах ёслолын үеэр хэллээ. Тэрбээр нэмж хэлэхдээ "Одоо ярихад хэцүү байна, маш их сэтгэл хөдлөл мэдрэгдэж байна. Энэ бол миний хүрэхийг хичээсэн зүйл минь. Миний хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ хийсэн бүх шаргуу хөдөлмөрийн үр дүн. Би дөнгөж 19 настай, бүх хэцүү шийдвэрүүдийг аав, ээж, манай хамт олон хамт гаргасан. Энэ бол миний хувьд үнэхээр онцгой зүйл." хэмээжээ. 

     
    Карлос Алкараз нь 2022 онд топ амжилтаа үзүүлж байгаа бөгөөд 2022 оны Австралийн нээлттэй тэмцээнд 3-р тойрог хүртэл тоглож, Францын нээлттэй тэмцээнд шөвгийн наймд шалгарч, Уимблдонд 4-р тойрогт хүрсэн бол ийнхүү Америкийн нээлттэй тэмцээнд аваргаар шалгарч, эрэгтэйчүүдийн чансааг тэргүүлж эхэллээ. Залуу тамирчны ирээдүйд маш олон аваргын түрүү, их дуулгын амжилтууд хүлээж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

    Н.Бэлгүүн