MSports logo
ИТАЛИЙН ШИГШЭЭ БАГ 24 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ДЭЛХИЙН АВАРГААР ТОДОРЛОО
  • А
    Админ

    9 сарын 11

  • ИТАЛИЙН ШИГШЭЭ БАГ 24 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ДЭЛХИЙН АВАРГААР ТОДОРЛОО

    Дөрвөн жилд нэг удаа зохиогддог Волейболын Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн Польш улсын Катовиц, Гливице болон Словени улсын Любляна хотуудад 2022 онц 8 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын 12-ныг хүртэл амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Дэлхийн Тив бүрээс шалгарсан шилдэг 24 баг зургаан хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Итали улс шигшээ тоглолтод сүүлийн хоёр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлээд байсан Польшийн багийг 3:1-ээр хожсоноор тус тэмцээний түүхэнд дөрөвдөх удаагаа түрүүлж Зөвлөлтийн үеийн Оросоос хойш хамгийн олон түрүүлсэн баг боллоо. Мөнгөн медалийг Польш улс хүртсэн бол хүрэл медалийн төлөө Бразил болон Чех улсын багууд тоглож 3:1-ийн харьцаатай Бразил улс ялалт байгуулж хүрэл медаль хүртсэн юм.

     
    24 жилийн дараа ахин аваргын цолыг хүртсэн Итали улсын багийн ахлагч Симон Жианелли  энэхүү тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдэн тоглолтын дараа “Итгэж чадахгүй байна. Өнгөрсөн жил бид Европын аварга болоход би их уйлсан харин одоо бол уйлж чадахгүй байна, үнэхээр сэтгэл хангалуун, үнэхээр их баяртай байна. Юу ч бодож чадахгүй инээж л чадаж байна. Багийнхнаараа болон Итали хүн болсондоо бахархаж байна, Дэлхийн аварга болсондоо бахархаж байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан байна. Итали улс тэмцээний “E хэсэгт” Хятад, Канад, Турк улсуудтай багтаж нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарсан юм. Хасагдах шатны эхний тойрогт Кубын багийг 3:1-ээр ялж, шөвгийн наймын шатанд хүчирхэг Франц улстай учраа таарч бүтэн таван сет гал гарсан өрсөлдөөний эцэст 3:2-оор буулган авсан. Харин хагас шигшээд Дэлхийн хоёр удаагийн аварга, энэхүү тэмцээнд хамгийн олон буюу дөрвөн удаа хоёрдугаар байрыг эзэлж байсан Чех улсын багийг 3:0-ээр төвөггүй хожиж шигшээ тоглолтод шалгарсан билээ. Волейболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ЗХУ зурган удаа, Итали дөрвөн удаа, Бразил болон Польш улсууд тус бүр гурван удаа түрүүлснээрээ эхний гурван байрыг эзэлдэг байна.