MSports logo
Баавгайнууд болон Мичнүүд хагас шигшээд учраа таарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 8

  • Баавгайнууд болон Мичнүүд хагас шигшээд учраа таарлаа

    Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын Плэй-Оффын тоглолтууд үргэлжилж байна. Энэ жил түүхэндээ хамгийн олон баг буюу 13 эрэгтэй баг аваргын цомын төлөө өрсөлдөж байна. 26 тоглолт хийсэн урт улирлын тоглолтоос Бишрэлт Металл баг 19 хожил 5 хожигдолтойгоор хоёрдугаар байраар шалгарсан. Тэд Плэй-Оффын эхний шатанд энэ жил анхны улиралдаа тоглож буй Сэлэнгэ Бодонгууд багийг 4-0-ээр бут ниргэж хагас шигшээд өрсөлдөхөөр болов. Өнгөрсөн улирлын лигийн дэд байранд орсон Металлууд өмнөх амжилтаа ахиулж, аваргын цом өргөхийн төлөө шат ахин яваа.

    Баавгайнууд болон Мичнүүд хагас шигшээд учраа таарлаа

    Нөгөө талд Үндэсний дээд лигт цоо шинэ өнгө төрхийг нэмсэн IHC Apes баг мөн адил хагас шигшээд шалгарлаа. Тэд улиралд Металл багтай ижил 19 хожил, 5 хожигдолтойгоор гуравдугаар байраар шалгарсан. Плэй-Оффын эхний шатанд Т.Санчирыг улирал дунд багтаа нэгтгэж шуугиан тариад байсан Налайх Бизон багтай учраа таарсан ба 4-1 харьцаатайгаар ялалт байгуулав. Ийнхүү Дээд лигт гурав дахь жилдээ оролцож буй IHC Apes баг анх удаа хасагдах шатанд шалгарч, өмнөх жилийн амжилтаа ахиуллаа. 

    Баавгайнууд болон Мичнүүд хагас шигшээд учраа таарлаа

    Хасагдах шатанд өрсөлдөх Бишрэлт Металл, IHC Айпес багууд улиралд хоёр удаа учраа таарсан. Эхний тоглолтод 87:94 харьцаатай Мичнүүд ялсан бол хоёр дахь учраан дээр Металлууд 90:75-аар хожил байгуулсан байна. 

    Плэй-оффын эхний шатанд үзүүлсэн статистик үзүүлэлтээс харвал: 

    Довтолгооны хувиар: Апес 44%-тай довтолсон бол Металл мөн адил 44%-тай. 

    Оноо авалтаар: Апес 92.7 оноог нийт таван тоглолтод дунжилсан бол Металл 83.0 оноо дунджилсан нь тэдэнд 4 хожил байгуулахад хангалттай байжээ.  

    Оновчтой дамжуулалт: Нэг тоглолтод Мичнүүд 17.5 оновчтой дамжуулсан бол Металл мөн адил 17.5 дамжуулалтыг багаараа гүйцэтгэсэн байна.

    Алсын зайнаас: Мичнүүд дунджаар 30%-ийн гүйцэтгэлтэй шидсэн бол Металлууд 7%-ын илүүтэй буюу 37%-тай довтолжээ. 

    Багуудын давуу талууд:

    Металл багийн хамгаалалт энэ улиралд онцгой байгаа бол Айпесийн хурдан довтолгоо болон оноо авалт бусад багуудыг тэргүүлж байгаа. Тус хоёр баг таарсан нь өнөө цагийн шилдэг холбогчдын тулааныг бид үзэх боломжтой болсон. М.Өлзий-Орших энэ жил лигийн тэргүүн тоглогчийн шагнал хүртсэн бол Т.Ууганбаяр, Б.Сүхбат нар тус өрсөлдөөнд дээгүүр байр эзэлж байсан. 

    Металл багийн сэлгээг онцлохын аргагүй. Одоо байгаа лигийн багуудаас сэлгээ, гараа аль нь ч ялгаагүй өв тэгш байгаа ганц баг нь тэд. Сэлгээнээс тоглож буй З.Энхтөр энэ жилийн шилдэг зургаа дахь тоглогчийн шагнал хүртсэнийг мартаж болохгүй. Түүний яхир хамгаалалтын эсрэг М.Өлзий-Орших тулах болно. 

    Багийн гадаад тоглогчид

    Металл Жалил Трипптэй хамт улирлыг эхлүүлсэн бол улирлын төгсгөлд оролт, довтолгоо сайтай Жеанталл Силла, дамжуулалт, алсын зайн шидэлтийн хувь өндөртэй Жэйлэн Блэндийг багтаа нэгтгэж, плэй-оффын өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна. Айпес улирлын эхэнд Энтони Смитыг багтаа нэгтгэсэн ба түүний хувьд бүтэн улирлын турш тогтвортой тоглосон. Бүр энэ улирлын шилдэг гадаад тоглогчийн шагнал хүртээд амжсан. Улирлын төгсгөлд АНУ-ын тамирчин Канадын элит лигийн аварга Кайрий Уолкерийг нэмсэн нь тэднийг улам бүр хүчирхэгжүүлэв. 

    Хагас шигшээд шалгарсан хоёр багт өөр өөрсдийн давуу тал, онцлох тоглогчид, олон улсын шилдэг дасгалжуулагчид байгаа тул шигшээ тоглолтод аль баг нь шалгарахыг нь хүлээн үзэх үлдэж байна. Багуудын эхний тоглолт маргааш буюу 02/09-ны баасан гарагт 16:10 цагаас эхэлнэ.