Б.Хонгорзул нь 2001 оны 5-р сарын 27-нд Баянхонгор аймагт төрсөн. Ам бүл дөрвүүлээ. Ээж, аав, дүүтэйгээ амьдардаг. Түүний удамд барилддаг хүн байгаагүй.
Тэрбээр чөлөөт бөхийн спортоор 2012 оноос хичээллэж эхэлсэн. Анх чөлөөт бөх гэж мэддэггүй байсан. Улмаар сургуулийнхаа тэмцээнд оролцоод, тэр үеэс хойш хичээллэх болсон. 10 жилийн хугацаанд энэ спортоор хичээллэхдээ шантрах үе ч байсан, шаралхах үе ч байжээ. Чөлөөт бөхийн спортоор хичээллэхийн хамгийн сайхан зүйл нь тэмцээндээ түрүүлээд төрийн далбаагаа сонсоод, бэлтгэлийнхээ үр дүнг хараад сонсох нь хамгийн сайхан санагддаг.
Хобби, чөлөөт цагаараа аялах дуртай. Ялангуяа хөдөө агаар сайтай газраар аялж, амрах дуртай.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр 2019 онд Америк руу явсан явдал. АНУ-д тэмцээнд чухал амжилт гаргаж, түрүүлсэн нь амьдралд нь үр өгөөжөө өгсөн гэж боддог.
Хамгийн их айдаг зүйл бол БЭРТЭЛ, ГЭМТЭЛ. Бэртэлтэй болбол олон жил гаргасан хөдөлмөр байхгүй болж, хүссэн тэмцээндээ орох боломжгүй байх учраас бэртэл гэмтлээс хамгийн их айдаг.
Түүний томоохон амжилтууд 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн үеэс эхэлсэн. 2016 онд Якутад болсон Азийн хүүхдийн наадамд аварга болж байсан. Мөн өсвөрийн ДАШТ-аас хүрэл, Азийн өсвөрийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн. 2021 онд Азийн олимпын эрхийн тэмцээнд түрүүлж, 2021 онд Токио хотноо болсон олимпын наадамд 5-р байрт орсон. Цаашдын зорилго бол олимпод түрүүлж, алтан медаль хүртэх.
Түүний дуртай хоол ээжийнх нь хийсэн бүх хоолонд дуртай. Гадагшаа тэмцээнд яваад ирэхдээ ээжийнхээ хоолыг санаж ирдэг. Хамгийн дуртай хоол нь ээжийнх нь хийсэн хуушуур.
Эмэгтэй хүнийг хүндэлдэг эрэгтэй хүн таалагддаг. Хаана ч явсан биеэ зөв авч явдаг, буурь суурьтай, мэдрэмжтэй, халамжтай эрэгтэй хүн илүү таалагддаг.
Үлгэр дуурайлал авдаг хүн бол түүний ээж. Мундаг амжилт гаргахаасаа илүү ээж шигээ хүн байхыг хүсдэг.
Сэтгэлээр унасан үедээ аливаа тулгарсан асуудлыг шийдэж байж тайвширдаг.