MSports logo
"ФИБА"-С МОНГОЛЫН ФАНАТУУД БОЛОН ОУХМ Т.САНЧИРЫН ЯРИЛЦЛАГЫГ ОНЦЛОН НИЙТЭЛЖЭЭ
  • А
    Админ

    11 сарын 23

  • "ФИБА"-С МОНГОЛЫН ФАНАТУУД БОЛОН ОУХМ Т.САНЧИРЫН ЯРИЛЦЛАГЫГ ОНЦЛОН НИЙТЭЛЖЭЭ

    Энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар хотын “UG” ордонд зохион байгуулагдаж байгаа “Азийн Цом 2025” тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалтад Монгол улсын баг тамирчид нэг ч хожигдолгүй, гурав хожсон амжилттай байна. Тус тэмцээний эхний шат буюу хэсгийн шатнаас хамгийн олон хожил авсан хоёр баг, ирэх оны хоёрдугаар сард эхлэх хасагдах шатанд оролцох эрхээ авах юм. Манай багийн хувьд хэсгийнхээ дөрвөн багаас гурвыг нь хожсон учир дараачийн шатанд шалгарах нь ойлгомжтой болсон билээ. Монголын шигшээ баг эхний тоглолтоо 11 дүгээр сарын 12-нд Малайз улсын эсрэг хийж, “UG” ордонд цугласан 3 мянга гаруй үзэгчдийг суудалд нь суух сөхөө өгөлгүй, 4 үе тэнцүүхэн өрсөлдсөний эцэст 94:92 харьцаатай ялалт байгуулсан. Энэхүү тоглолтын дараа Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны албан ёсны сайт болох “www.fiba.basketball” сайтад Монголын фанатууд болон тус тоглолтод гайхалтай тоглолтыг үзүүлсэн сагсан бөмбөгийн ОУХМ Т.Санчирын ярилцлагыг онцлон нийтэлжээ.

    FIBA.Basketball: “Азийн Хөх Чононууд” болон тэдний “зургаа дахь тоглогчид” баяраа тэмдэглэж байна

    Үзэгчдийн уухай дор 40 минутын турш маш өндөр хэмнэлтэй, онооны тэргүүллээ солилцсон тоглолтын эцэст талбайн эзэд ялалт байгууллаа. Тэдний дундаас Т.Санчир багтаа тэргүүлэл авч ирсэн, багийнхаа андуудын тоглолтыг сэргээсэн довтолгоонуудыг амжилттай болгож, эцсийн мөчид хожлоо баталгаажуулсан самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, “ФИБА”-ын дебутдээ ялалт байгуулсан. Т.Санчир “Хөгжөөн дэмжигчид маань бидний талбай дээрх зургаа дахь тоглогч байлаа” хэмээн тоглолтын дараа ярилцлагадаа дурдсан юм. Сагсан бөмбөгийн ертөнцөд хөгжөөн дэмжигчдийг багийн зургаа дахь тоглогч гэж нэрлэж заншсан. Монголын шигшээ Малайзыг хожиход, хөгжөөн дэмжигчид ялт ч үгүй зургаа дахь тоглогчид байлаа. Энэхүү тоглолт Монголын хувьд “ФИБА”-аас зохион байгуулсан насанд хүрэгчдийн тэмцээнд оролцсон анхны тохиолдол. Гэхдээ Малайзтай хийсэн тоглолтын үеэр Монголчууд сагсан бөмбөгийг шимтэн үзэх дуртай гэдгийн тод жишээ байлаа.

     

    Т.Санчир: “Эх орныхоо төлөө, элэг нэгт фанатуудынхаа өмнө тоглоно гэдэг юутай ч харьцуулшгүй сайхан зүйл. Гэхдээ ганц би ч биш, манай багийн бүх л тоглогч дарамт мэдэрсэн байх. Учир нь бид өмнө нь ФИБА-ын хэмжээний тоглолт хийж үзээгүй. Тийм учраас зарим тоглогчид өөрсдийнхөө тоглолтыг бүрэн гаргаж чадаагүй байх. Харин үзэгчид биднийг уухайлан дэмжиж байсан нь үнэхээр гайхалтай байлаа. 3 дугаар үеийг 8 онооны дутуу эхлүүлсэн ч, тоглолтыг эргүүлж илүү гарахад тэд маш том түлхэц боллоо. Дараа, дараачийн тоглолтуудад ч хөгжөө дэмжигчдээ ирж биднийг дэмжээсэй гэж хүсэж байна. Бид ч дараачийн тоглолтуудад бас илүү хичээж, багаар ажиллах хэрэгтэй.” Мөн “2014 онд Азийн наадамд Солонгост амьдардаг Монгол хүмүүс биднийг ирж дэмжиж байсан” хэмээн дурсамжаа хуваалцсан юм.

    Эх сурвалж www.fiba.basketball

     

    Э.Мандалбаяр