MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нарын найдвар тасраагүй байна
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 29

  • ПАРИС 2024: ОУХМ Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нарын найдвар тасраагүй байна

     ПАРИС-2024 зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн Парис хотын Шам -Дэ-Мар ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Дэлхийн хошой хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Л. Энхрийлэн болон эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд 2023 оны Тбилиси Гранд Сламын аварга, ОУХМ Б.Эрдэнэбаяр өрсөлдөж байна. 

    МУГТ Л.Энхрийлэн эхний учраандаа Токио-2020 олимпын аварга Косово улсын тамирчин Нора Гжаковатай учраа таарсан. Нора Гжакова нь Гранд Сламын 2021, 2023 оны аварга, 2021 онд дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин байсан ч Л.Энхрийлэн бүтэн тоглолтын турш идэвхтэй барилдаж, нэмэлт цагт өрсөлдөгчөө торгуулиар ялж эхлүүлэв. Шигшээ 16-д Германы тамирчин Паулине Штаркетэй өрсөлдөж, нэмэлт цагт торгуулиар ялалт байгуулснаар шигшээ наймд шалгарав. Л.Энхрийлэн хагас шигшээд шалгарах эрхийн төлөө энэ жилийн шинэхэн аварга БНСУ-ын жүдочин Хө Мимитэй барилдаж, эцсийн мөчид тун жижиг алдаанаас болж ялагдал хүлээв. Ийнхүү дагах барилдаанд шилжлээ. Түүний дараагийн өрсөлдөгч Гүржийн бөх Липартелиани Этери байх нь ээ. Өрсөлдөгчийн хувьд 2021-2024 онд таван их дуулгад мөнгөн медаль, мөн таван их дуулгад хүрэл медаль хүртэж байсан 25 настай тамирчин юм. Өнөөдөр 22:00 цагаас барилдах хуваарьтай байна. 

    ПАРИС 2024: ОУХМ Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нарын найдвар тасраагүй байна

    Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Эрдэнбаяр эхний шатаа өнгөтэй эхлүүлсэн. Дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Европын аваргын хүрэл, их дуулгын 3 алт, 1 мөнгө, 1 хүрэлтэй Швейцарын алдарт жүдоч Нилс Штампыг нэмэлт цагт буулган авсан. Улмаар шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Испанийн тамирчин Роса Салвортой учраа таарч, 10 гаруй минут үргэлжилсэн хүнд барилдааны эцэст ялалт байгуулсан.

    Харин хагас шигшээд шалгарахын тулд Молдав улсын тамирчин Адил Османовыг ялах хэрэгтэй болов. Османов нь 2024 оны Австрийн Линц хотноо болсон Гран Прид алтан медаль хүртэж, 2024 оны Анталья-д болсон Гранд Сламд түрүүлж байсан өдгөө 24 настай буюу Б.Эрдэнэбаяртай нас чацуу залуу тамирчин байлаа. Барилдааны эхнээс манай тамирчин хоёр торгууль дараалан авсан ба үндсэн цагт аль аль нь оноо авч чадалгүй явсаар нэмэлт цагт шийдэгдэхээр болов. Улмаар торгуулийн дутуу байдлаа нөхөж чадалгүй Б.Эрдэнэбаяр дахин нэг торгуульж авч ялагдал хүлээлээ. Ийнхүү дагах барилдаанд ОУХМ Б.Эрдэнэбаяр шилжсэн ба түүний өрсөлдөгч Японы туршлагатай жүдочин Хашимото Сойчи. Өдгөө 32 настай өрсөлдөгчийн хувьд 2022, 2023 оны Гранд Сламуудад түрүүлсэн, 2017 оны Дэлхийн аварга, Дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай. 

     

    ПАРИС 2024: ОУХМ Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нарын найдвар тасраагүй байна