1992 онд Төв аймгийн Зуунмодод өсөж төрсөн. Тэндээ төгссөн. Хүү, охин, эхнэрийн хамт дөрвүүлээ амьдардаг. Уяачийн удамтай. Морь унадаг уяач хүн надаас 3 үеийн дээр байгаа. Бага байхдаа хичээлээ хийж, сагсаа тоглодог хүүхэд байсан. Том болоод аялагч болохыг хүсдэг байсан. Тухайн үед Үүргэвчтэй аялал нэвтрүүлэг гардаг, аялдаг хүмүүс гоё санагддаг байлаа.
5, 6-р ангиасаа сагс тоглож эхэлсэн. Монгол телевизээр 8:45-9 цагийн хооронд спортын нэвтрүүлэг гардаг байсан. Коби Брайантийн бичлэгийг үзэж, inspiration аваад сагсанд улам дуртай болсон. Гадаа шийдэн дээр сагс тоглодог байсан нэг мэдэхэд дээд лигт тоглодог болсон байсан. Хөнгөн атлетикаар мөн хичээллэсэн. Хичээлээ сайн хийдэг хүүхэд байлаа. Сагс тоглох цагаа гаргахын тулд хичээл, даалгавруудаа шахаж хийдэг байв. 2013 онд Спрайт лигийн аварга Мон Торх гэж баг байсан. Тэрнээс хойш бэртэл гэмтлээ оруулбал дээд лигт 10-аад жил, оруулахгүй бол 7, 8 жил тоглосон. Одоо бол дээд лигийн багт туслах дасгалжуулагчаар хоёр дахь жилдээ ажиллаж байна.
Төв аймагт 10 жилийн сургуулиа төгсөөд, Ерөнхий Эрдмийн шалгалтдаа Физик-800, Математик-800 авсан. Тэгээд МУИС-ын Эдийн засгийн сургуульд нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр 2014 онд төгссөн. Нягтлангаараа 6 сар орчим ажилласан. Суугаад хийдэг ажилд сонирхол бага байсан болохоор спортдоо илүү цаг гаргаж, бэртэл гэмтлийн улмаас сагсаа илүү ойлгоё, танин мэдье гэдэг талаас дасгалжуулагч болсон. Судлах тусам улам л тууштай явдаг юм байна. Одоо бол олон хүүхдийг сагсаар дамжуулж сайн зүйлд хүргэе гэсэн хүсэлтэй.
Эмэгтэй хүний оронд нэг өдөр орох боломж гарвал ээж болж үзэхийг хүснэ. Хүүхдүүдийнхээ төлөө хэрхэн сэтгэл гаргадаг гэдэг талаар мөн төрж үзье гэж бодож байна.
Лос Анжелес Лэйкерсийг Коби Брайантыг байхад дэмждэг байсан. Кобигийн дараа Дэрик Рөүзийг дэмждэг болсон. Одоо бол Лука Дончичийг дэмждэг. Багийг нь биш тоглогчийг нь дэмждэг.
Msports app-ын Plus+ хэрэглэгч болсноор мэргэжлийн дасгалжуулагчдын видео хичээлүүдийг хэзээ ч хаанаас ч үзэх боломжтой. Апп татах: https://onelink.to/wvgkqe
Супер хүчтэй болбол шилжигч гэдэг кино байдаг. Тэрэн шиг шилждэг хүчтэй байхыг хүсдэг. Яагаад гэвэл аялагч болъё гэсэн мөрөөдөлтэй холбоотой байх. Очиж үзээгүй газартай очихыг хүснэ.
Эмэгтэй хүн нүд нь зөөлөн, дөлгөөхөн, хайр татам байвал гоё санагддаг. Биеэ авч байгаа эрхэмсэг, даруухан, цэмцгэр эмэгтэй хүний зан таалагддаг. Биеэ тэгж авч явж байгаа юм чинь ар гэрээ сайн авч явна гэж боддог. Эхнэрийнхээ биеэ авч байгаа байдал, нүд, өөрийгөө илэрхийлж байгаа байдал, ярилцаж үзэхэд даруухан, ихэмсэг байгаа байдалд нь татагдсан. Их сургуулиа төгсөөд би Анунгоо компанид орсон юм. Анунгоо компанид танилцсан. Манай хүн бас нягтлан байсан. Танилцаад эхнэр материал байна гэж харсан даа.
Амжилтыг би аз жаргал, урт хугацааны аялал гэж хардаг. Амжилтын хувьд дуртай юмандаа хөгжөөд өдөр тутамдаа суралцаад явж байгаа нь амжилт гэж боддог. Гэр бүл, найз нөхөд эргэн тойронд байгаа хүмүүс минь миний амжилт гэж бодож байна. Цаашид үргэлжлүүлж сайхан суралцаад сайн явна аа л гэж боддог. Сагсны хувьд илүү олон мэргэжлийн тамирчидтай болоосой гэж хүсдэг. Цаашид олон улсын тэмцээнд Монголчууд багаар ажиллаж чаддаг гэдгийг харуулахад өөрийн тус нэмрээ оруулахыг хүсдэг.
Дуртай кино “Shawshank Redemption”. Тэр киног бараг 10-аас дээш удаа үзсэн. Яагаад дуртай вэ гэхээр хүний амьдралын хэцүү цаг үеийг хэрхэн давж туулж байгаа, тэр үед нь найз нөхөд нь хэрхэн дэмжиж байгаа нь таалагддаг. Дуртай хамтлаг “Guys 666”. Сүүлийн үед тогтмол Vivaldi – Four Season-ыг сонсож байгаа.
Чөлөөт цагаараа уул хаданд алхах, агаарт байх, гал түлэх, голд орох, уулын оргил дээгүүр алхах, ан амьтан харах дуртай. Монголын гэлтгүй цаашид олон улс орны байгаль орчинд аялах нь миний хобби. Барилга байгууламж гэхээс илүү байгаль, хүмүүсийн аж төрж байгаа байдлыг таньж мэдэх дуртай.