EASL буюу Зүүн Азийн Супер Лигийн эхний тоглолтоо үндэсний дээд лигийн сүүлийн хоёр улирлын аварга Хасын Хүлэгүүд баг Японы дээд лигийн хоёр удаагийн аварга Alvark Tokyo багийг талбай дээр нь 69:84 харьцаатай буулган авч томоохон сенсац тарьж чадлаа.
Тоглолтын эхний үед хоёр баг харилцан довтолгоо, хамгаалалт маш сайн байсан бөгөөд Хасын Хүлэгүүд баг 25:28 харьцаатай илүүрхэж дуусгав. Харин хоёрдугаар үеийн эхлэлийг талбайн эзэд болох Alvark Tokyo баг сайн эхлүүлж, эхний хагасын цаг дуусахад 3 минут дутуу байхад 47:38 харьцаатай тэргүүлж байсан ч Хасын Хүлэгүүд баг эхний хагасын төгсгөлийг маш сайн хийж, 49:46 болгон ойртуулж, эхний хагасыг өндөрлүүлэв. Улмаар тоглолтын гуравдугаар үед хоёр багийн хамгаалалт маш сайн ажиллаж байсан бөгөөд Хасын Хүлэгүүд баг илүүрхэж, 62:59 харьцаатай өндөрлүүлэв. Тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн эхний 5 минутад хоёр багийн хамгаалалт, довтолгоо жигд оноо ойрхон 66:68 харьцаатай явж байсан бөгөөд Хасын Хүлэгүүд баг төгсгөлийг маш сайн хийж, 69:84 харьцаатай хожиж, EASL-ийн эхний тоглолтдоо хожил байгуулж, тэр тусмаа сагсан бөмбөг өндөр хөгжсөн Японы дээд лигийн шилдэг багуудын нэг болох Alvark Tokyo багийг талбай дээр нь хожиж түүхийн хуудсыг нээж чадлаа.