Жүдочид олимпын өнгөө тодорхойлж, Монголын өнөө цагийн шилдгүүд Эрдэнэт хотноо хуран чуулаад байна. Өчигдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, 63кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг, 73кг жингийн барилдаанууд явагдаж, 2024 оны улсын аваргууд тодорлоо.
Л.Сосорбурам, Б.Ганхайч, Б.Баасанхүү, Б.Уранзаяа, Б.Сүхбат, Л.Сумьяа, Б.Эрхэмбаяр нар улсын аварга боллоо
4 сарын 9
Орхон аймгийн Эрдэнэт хотод гурав дахь удаагаа явагдаж буй УАШТ-д 36 байгууллагын 258 тамирчин эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд хүч үзэж байна.
ЭМЭГТЭЙ 48 КГ - Аварга Б.Баасанхүү
2024 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн медальтнууд тодров. Хүрэл медалийг Спортын дунд сургуулийн Н.Ундрахбаяр, СХД-ийн “Хаан хүнс” клубын С Гүнжинлхам нар хүртэв. Энэ жингийн алтан медалийн төлөөх барилдаанд “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Баасанхүү, “Женко” клубын Ж.Анударь нар өрсөлдөв. Барилдааны нэмэлт цагт Б.Баасанхүү өрсөлдөгчөө даралтад оруулж 2024 оны улсын аварга боллоо.
ЭМЭГТЭЙ 57 КГ - Л.Сосорбарам
2024 оны УАШТ-ий хамгийн олон тамирчин өрсөлдсөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медалийг “Хилчин спорт” хорооны тамирчин Г.Ганцэцэг, О.Оюунчимэг нар хүртлээ. Аваргын алтан медалийн төлөө “Алдар” спорт хорооны тамирчин Л.Сосорбарам “Хилчин” спорт хорооны тамирчин О.Саруул нар өрсөлдөж олимпын жилийн сорил УАШТ-ий аваргаар ОУХМ Л.Сосорбарам тодров.
ЭМЭГТЭЙ 52 КГ - Аварга Б.Уранзаяа
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болов. Энэ жингийн хүрэл медалийг “Хурд” клубын А.Баярмаа, “Тэмүүжин” клубын А.Булган нар хүртэв. Жингийн алтан медалийн төлөө “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Уранзаяа, “Хангарьд “ клубын Б.Гүндэгмаа хүч үзэв. Тамирчдын хэн ялсан нь насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний анхны түрүү хүртэх хариуцлагатай барилдааны ялагч нь Б.Уранзаяа байлаа.
ЭРЭГТЭЙ 60 КГ- Аварга Б.Сүхбат
Насанд хүрэгчдийн 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн аваргууд тодорлоо. Алтан медалийн төлөө “Женко” клубын Б.Сүхбат , “Хилчин” клубын тамирчин К.Ёолк нар өрсөлдөж Б.Сүхбат улсын аварга шалгаруулах тэмцээний 3 дахь түрүүгээ хүртэв. Энэ жингийн хүрэл медалийн эзэд нь “Алдар” спорт хорооны Э.Ариунболд, Ө.Жанцандорж нар байв.
ЭРЭГТЭЙ 66 КГ - Аварга Л.Сумъяа
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66кг-ын жинд алтан медалийн төлөө “Хурд” клубын тамирчин Л.Сумъяа, Хэнтийн Ө.Бямбасүрэн нар өрсөлдөж “Хурд” дэвжээний Л.Сумъяа алтан медаль хүртлээ. Харин энэ жингийн хүрэл медалийг “Женко” клубын тамирчин А.Өнөболд, Дархан-Уул аймгийн тамирчин Т.Төрболд нар хүртэв
ЭРЭГТЭЙ 73 КГ - Аварга Б.Эрхэмбаяр
Эрэгтэйчүүдийн 73кг-ын жинд нийт 22 тамирчин өрсөлдснөөс хүрэл медалийг “Алдар” спорт хорооны тамирчин Л.Анхзаяа, “Хангарьд” клубын тамирчин Д.Алтансүх нар хүртлээ. Харин аваргын алтан медалийн төлөө “Шинэбадрах” клубын тамирчин Ж.Гансүрэн “Алдар” спорт хорооны Б.Эрхэмбаяр нар өрсөлдөж энэ удаагийн ялалт Б.Эрхэмбаярынх байлаа.
ЭМЭГТЭЙ 63 КГ - Б.Ганхайч
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзсэн тамирчдаас хүрэл медалийг "Сүлд" спорт хорооны тамирчин Л.Энхрийлэн, Д.Есүй нар хүртлээ. Аваргын алтан медалийн төлөө "Алдар" спорт хорооны тамирчин Б.Ганхайч, "Женко" клубын Ц.Сүнжидмаа нар өрсөлдөж Б.Ганхайч ялалт байгуулж улсын аваргаас 9 дэх алтан медалиа хүртлээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81кг, 90кг, -100кг, +100кг эмэгтэйчүүдийн 70кг, -78кг, +78кг жингийн барилдаан явагдаж аваргууд тодорно.