Кристиано Роналдугийн сүүлийн Евро амар, хурдан дуусахгүй бололтой. Өчигдөр болсон тоглолтод хоёр баг үндсэн цагт хуурай тэнцэж, нэмэлт цаг гарсан. Уг нь үндсэн цагт аль, аль багт нь хожих боломж байв. Харамсалтай нь, Португалаас Бернардо Силва, Словениас Беньямин Шешко хоёр гоол оруулах боломжоо алдаж, бие биедээ боломж олгосон. Нэмэлт цагийн эхний үеийн төгсгөлд Роналдуд торгуулийн цохилт ирлээ. Барагтаа бол алддаггүй, чухал мөчид айж, эмээж үзээгүй Роналду цохилтоо алдчихсан. Алдчихсан гэхээсээ Ян Облак гайхалтай хаалтыг толилуулсан хэрэг. Цохилтоо алдсан Роналду сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унагаав. Багийнх нь түүнийг тайвшруулж, урам өгч байгаа нь олны өмнө харагдлаа.