Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдлээ.
Энэ жил Их Монгол Улсын 820 жилийн түүхэн ой тохиож буй тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 1024 бөх барилдуулах шийдвэр гаргасан бөгөөд бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр эхэллээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.2 болон 9.5-т заасны дагуу барилдах бөх нь 16 насанд хүрсэн байх бөгөөд иргэний үнэмлэх, цолтой бөх нь цолны үнэмлэх зэрэг баримт бичигтэй өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай аж. Наадамд барилдах бөхчүүдийг Монгол бөхийн өргөөнд гурван өдөр 10:00-19:00 цагт бүртгэнэ.
Харин өсвөрийн барилдааны бүртгэл Монголын хүүхдийн ордонд маргааш 10:00 цагт эхэлнэ. Хоёр өдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэх бүртгэлд ирэхдээ цахим үнэмлэх, И Монголиа системээс төрсний бүртгэлийн лавлагааны аль нэгийг, хоёр хувь цээж зурагтай авчрах бөгөөд заавал өөрийн биеэр бүртгүүлэх аж.





