2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтдоо БНСУ-ын шигшээ баг гайхалтай эргэн ирэлт хийж, Европын төлөөлөл Чехийн шигшээ багийг 2:1-ээр буулган авч, хэсгийн шатны өрсөлдөөнөө ялалтаар эхлүүллээ.
ДАШТ-2026: Ази тивийн төлөөлөл БНСУ-ын шигшээ баг эхний хожлоо байгууллаа
6 сарын 12
Мексикийн Гвадалахара хотын “Акрон” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын эхний үе харьцангуй болгоомжтой өрнөж, хоёр баг бие биенийхээ алдааг хүлээсэн тактикийн тулаан өрнүүлсэн юм. Гэвч хоёрдугаар үед Чехийн баг хажуугийн шугамаас шидсэн бөмбөгийг багийн ахлагч Ладислав Крейчи амжилттай ашиглаж, мөргөж гоол оруулан тооны харьцааг нээж чадлаа.
Гэсэн ч Азийн хүчирхэг төлөөлөл бууж өгсөнгүй. Тоглолтын хэмнэлийг гартаа авсан БНСУ-ын шигшээ баг довтолгоогоо улам эрчимжүүлж, 67 дахь минутад Хван Ин Бом хамгаалагч, хаалгачыг хуурч гоёмсог гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлэв. Энэ мөчөөс эхлэн Солонгосчуудын итгэл сэргэж, талбай дээрх давамгайлал нь улам тодорч эхэлсэн юм.
Тоглолтын 80 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан О Хён Гю эхний гоолын эзэн Хван Ин Бомын дамжуулалтаар гоол оруулж, БНСУ-ын хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Хван Ин Бом нэг гоол, нэг гоолын дамжуулалт өгч тоглолтын гол баатар болсон бол хамгаалалтын шугамыг Ким Мин Жэ найдвартай удирдан тоглолтын төгсгөлд Чехийн дарамтыг амжилттай сөрөн зогсов.
Ийнхүү БНСУ хэсгийн шатны хамгийн чухал тоглолтуудын нэгд ялалт байгуулж, дараагийн шатанд шалгарах боломжоо эрс нэмэгдүүллээ. Харин 20 жилийн дараа дэлхийн аваргад эргэн ирсэн Чехийн шигшээ баг эхний гоолыг оруулсан ч ялагдсанаар, цаашдын тоглолтуудад заавал оноо авах шаардлагатай нөхцөлд орлоо.
Энэхүү хоёр шигшээ багуудын А хэсгийн дараагийн тоглолтууд Монголын цагаар:
06-р сарын 19-нд 00:00 цагаас Чех-ӨАБНУ
06-р сарын 19-нд 09:00 цагаас Мексик-БНСУ
Мэдээллийн ивээн тэтгэгч:ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД





