Хөлбөмбөгийн дэлхийн хамгийн том баяр болох 2026 оны ДАШТ-ийн хөшиг Мексик улсын Мехико хотын алдарт “Ацтека” цэнгэлдэх хүрээлэнд нээгдэж, талбайн эзэн Мексикийн шигшээ баг Өмнөд Африкийн шигшээг 2:0-ээр буулган авч тэмцээнийг төгс эхлүүллээ. 16 жилийн өмнө буюу 2010 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтод мөн эдгээр хоёр баг учраа таарч, 1:1-ээр тэнцэж байсан түүхтэй. Харин энэ удаа Ацтекагийн 80 мянга гаруй хөгжөөн дэмжигчдийн өмнө Мексик өрсөлдөгчдөө илүүрхэн тоглож, эхний гурван оноогоо авлаа.
ДАШТ-2026: Мексик түүхэн нээлтийг ялалтаар эхлүүлж, Өмнөд Африкийг буулган авлаа
6 сарын 12
Тоглолтын эхнээс л довтолгооны санаачилгыг гартаа авсан мексикчүүд 9 дэх минутад хамгаалагчдын алдааг ашиглан Хулиан Киньонес хаалганы торыг хөдөлгөж, ДАШТ-2026-ын анхны гоолын эзэн болсон юм. Түүний цохилт цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь доргиож, дэлхийн аваргын уур амьсгалыг албан ёсоор эхлүүлэв.
Өмнөд Африк эхний үед зохион байгуулалттай хамгаалж байсан ч хоёрдугаар хагаст нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Спепхело Ситоле улаан хуудас авч талбайг орхисноор Бафана Бафаначууд арван хүнтэй үлдэж, тоглолтын хувь заяа Мексикийн талд бүрэн эргэв. Хүний давуу талаа ашиглаж, Рауль Хименес 67 дахь минутад мөргөж гоолдож, багийнхаа тэргүүллийг баталгаажууллаа.
Тоглолтын төгсгөлд хоёр багийн тамирчдын сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, Өмнөд Африкийн Темба Зване мөн улаан хуудас авснаар тэд есөн хүнтэй үлдсэн бол Мексикийн ахлагч Сесар Монтес нэмэлт цагт улаан хуудас хүртэж, талбайг чөлөөлөв. Ингэснээр ДАШТ-ий нээлтийн тоглолтын түүхэнд ховор тохиох гурван улаан хуудастай ширүүн тулаан болж үлдлээ. Ийнхүү Мексик өөрийн нутаг дээр зохион байгуулагдаж буй дэлхийн аваргыг ялалтаар эхлүүлж, А хэсгийг гурван оноотой тэргүүлж эхэллээ. Харин Өмнөд Африк дараагийн тоглолтдоо Чехийн шигшээтэй учраа таарч, хэсгээс гарах боломжоо хадгалахын төлөө заавал оноо авах шаардлагатай боллоо.
Энэхүү хоёр шигшээ багуудын А хэсгийн дараагийн тоглолтууд Монголын цагаар:
06-р сарын 19-нд 00:00 цагаас Чех-ӨАБНУ
06-р сарын 19-нд 09:00 цагаас Мексик-БНСУ
Мэдээллийн ивээн тэтгэгч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД





