Энэ сарын 1-ээс 6-ны хооронд Индонез улсын Бали аралд Биатли, Триатли ангилалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн тамирчин А.Билэгт, Т.Мөнх-Ундрага нар дасгалжуулагч Х.Одгэрэлийн удирдлага дор амжилттай оролцлоо.
Энэхүү тэмцээнд дэлхийн 34 улсын 450 гаруй тамирчид оролцсон бөгөөд манай тамирчид U17 насны ангилалд оролцон биатли, триатли төрлүүдэд шигшээд уралдаанд шалгарсан юм. Манай тамирчид анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нь энэ бөгөөд шигшээ уралдаанд шалгарсан амжилт үзүүлсэн нь цаашид хөгжих, байраа ахиулах бүрэн боломжтойг харуулж байна.
Биатли төрлийн шигшээ уралдаанд нийт 34 тамирчин өрсөлдсөнөөс А.Билэгт 11.05.90 амжилттайгаар 8-р байрт, Т.Мөнх-Ундрага 11.42.30 амжилттайгаар 19-р байрт шалгарсан байна.
Харин медалийн тавцанд:
1. Гуилерме Невес / Португаль - 10:24.90
2. Жэмис Тревитик / Их Британи- 10:30.00
3. Ханнес Грове / Өмнөд Африк - 10:37.20 нар шалгарчээ.
Триатли төрлийн шигшээ уралдаан нийт 39 тамирчин өрсөлдсөн бол Т.Мөнх-Ундрага 16:15.90 амжилттайгаар 18-р байрт, А.Билэгт 16:26.00 амжилттайгаар 22-р байраар барианд орсон байна. Тус тэмцээний эхний гурван байранд:
1. Ханнес Грове / Өмнөд Африк - 13:50.60
2. Жозеф Энтони Годвут / Филиппин - 14.09.00
3. Парк Саечан / Солонгос - 14:17.08 амжилттайгаар тус тус шалгарчээ.