Нью-Йорк хотын марафон гүйлтийн тэмцээн ням гарагт 52 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү марафон нь 1970 онд зохион байгуулагдснаас хойш ердөө хоёрхон удаа буюу 2012 онд Сэнди хар салхины улмаас, 2020 онд COVID-ийн тахлын улмаас цуцлагдаж байжээ. Олон улсын дээд түвшний Нью Йорк марафон уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд Тамират Тола ялалт байгуулснаар тэмцээний дээд амжилтыг эвдэж, Кени улс гурван дараалсан ялалт байгуулсны дараа Этиопт аваргын цомыг эргүүлэн авчирлаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Хеллен Обири тактикийн уралдаанд гарамгай гэдгээ харуулж, Кенийн шигшээ баг дараалан тав дахь ялалтаа байгууллаа. Тола 2022 оны Евгений нэрэмжит дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнийхээ дараа марафон гүйлтийн тамирчин болохоо бататгаснаар энэхүү томоохон марафон гүйлтийн ялалтаар өөрийгөө батлан харуулав. Ялангуяа 2016 оны хагас марафон гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2018, 2019 онд Нью-Йоркийн марафонд 4-р байр, мөн 2019, 2020 онд Лондонгийн марафонд 6-р байр эзэлсэн нь түүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн жил Токиогийн марафон, энэ жилийн Лондонгийн марафонд гуравдугаар байрыг Тамират Тола мөн хүртэж байжээ. Тола энэхүү ялалтаа тэмцээний түүхэн дэх хамгийн сайн амжилтаар (2цаг:04:58) хүртэж, Кенийн Жеффри Мутайгийн 2011 оноос хойш тогтоосон өмнөх рекордыг (2цаг:05:06) найман секундээр ахиуллаа. Хоёрдугаар байрт Кенийн Альберт Корир (2цаг:06:57), гуравдугаар байрт Кени улсын иргэн Шура Китата (2цаг:07:11) оржээ. "Би маш их баяртай байна. Энэ гайхалтай марафонд дахин урилга аван ирсэндээ болон намайг үргэлж дэмжиж байсан бүх хүмүүст талархаж байна. Хоёр удаа дөрөвдүгээр байр эзэлснийхээ дараа Нью-Йоркт ирсэн нь үнэхээр гайхалтай. Энэ бол миний "мажор" тэмцээн дэх нхны ялалт. Би маш их баяртай байна" гэж 1-р байрт орсныхоо дараа тэрбээр сэтгүүлчдэд хэлжээ.
Нью-Йорк хотын марафон гүйлтийн тэмцээнд Тамират Тола, Хеллен Обири нар түрүүллээ
Б
Бэлгүүн
11 сарын 8