MSports logo
Ига Свитек 2023 оны WTA Finals тэмцээний аваргаар тодорлоо
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 8

  • Ига Свитек 2023 оны WTA Finals тэмцээний аваргаар тодорлоо

    Улиралд хамгийн олон оноо авсан шилдэг найман теннисчин оролцдог, нийт 9 сая ам.долларын шагналын сан бүхий "WTA Finals" тэмцээн Мексикийн Канкун хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө . Ига Свитек Жессика Пегулаг ялж, 2023 оны улирлын төгсгөлийн WTA-ийн финалд түрүүлж, дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлж эхэллээ. Польш тамирчны хувьд Канкунд болсон финалд Америк теннисчин Жессика Пегулаг ялах шаардлагатай байсан юм. Улмаар 6:1, 6:0-ээр хүчтэй өрсөлдөгчөө буулган авсан юм.  Ердөө 59 минут үргэлжилсэн тоглолтод Пегула өөрийн боломжоо олох гэж хичээсэн ч Польш бүсгүй илт илүүрхлээ. WTA Finals-ийн финалын тоглолт ням гарагт болох ёстой байсан боловч ширүүн бороо, хүчтэй салхины улмаас даваа гарагт болгон хойшлуулсан юм. Ига Свитек WTA-гийн тэмцээнүүдэд 17 удаа түрүүлээд байгаа бөгөөд үүнээс зургаан түрүүг энэ улиралд аваад байна. Тэрбээр Их дуулгад дөрвөн удаа түрүүлсэн юм. Тодруулбал, Францын нээлттэй тэмцээнд гурван удаа, АНУ-ын нээлттэй тэмцээнд нэг удаа түрүүлжээ. Харин Свитек WTA финалын тэмцээнд анх удаа түрүүлж байна. Тэрбээр 2011 онд Петра Квитова 21 настайдаа түрүүлснээс хойшхи хамгийн залуу аварга болж байгаа юм. 

    Ига Свитек 2023 оны WTA Finals тэмцээний аваргаар тодорлоо

    Свитек “Бүтэн улирлын турш надтай хамт байсан багийнхаа хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. "Бид олон удаа өгсөж, уруудаж байсан ч энэ нь гарцаагүй шат ахилаа, хэрэв бид энэ эрчээрээ үргэлжлүүлэн ажиллавал дахиад олон зүйл бүтээж чадна." гэж аваргын цомоо гардан авсныхаа дараа тэрбээр хэлэв. Харин түүний өрсөлдөгч Америкийн теннисчин Пегула дэлхийн чансааны тавдугаарт эрэмблэгдэж байна. Пегула хосын төрөлд дэлхийн номер нэг теннисчин юм.  WTA-ийн ганцаарчилсан төрөлд дөрвөн удаа түрүүлсний хоёр нь энэ улирлын тэмцээн юм. "Их дуулга"-ын цуврал тэмцээнд тэрбээр 1/4 шигшээгээс цааш шалгарч байгаагүй ажээ.