MSports logo
МОНГОЛ УЛСЫН ОХИДЫН U18 НАСНЫ ШИГШЭЭ БАГ “АЗИЙН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ Б ДИВИЗИОНД ХОЁРДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 11

  • МОНГОЛ УЛСЫН ОХИДЫН U18 НАСНЫ ШИГШЭЭ БАГ “АЗИЙН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ Б ДИВИЗИОНД ХОЁРДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

    Ахлах дасгалжуулагч Г.Ундрах, туслах дасгалжуулагч Б.Алтанзаяа болон Б.Дэлэг нараар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын 18 хүртэлх насны охидын шигшээ баг 2022 оны 9 дүгээр сарын 5-наас 11-ний хооронд Энэтхэг улсын Бенгалуру хотод зохиогдсон “FIBA U18 Asia championship” тэмцээний Б зэрэглэлийн ангилалд хоёрдугаар байр эзэллээ. Тус тэмцээний аваргаар Малайз улсын 18 хүртэлх насны охидын шигшээ баг Финалын тоглолтод Монгол Улсын 18 хүртэлх насны охидын шигшээ багийг 64:53 харьцаатай ялж 2023 оны “FIBA U18 Asian championship” тэмцээний А зэрэглэлд оролцох эрхээ авлаа. Хэсгийн шатанд Монгол Улсын баг Малайзыг 72:57-оор ялсан ч финалын тоглолтод харамсалтайгаар хожигдлоо. 
    Монгол улсын 18 хүртэлх насны охидын шигшээ багийн довтлогч Н.Нандинхүсэл 16.6 оноо, 13.4 самбар, 4.8 оновчтой дамжуулалт дунджилж багаа дундаж оноо, самбар, дамжуулалтаар тэргүүлсэн бол тэмцээнд оролцсон нийт тамирчдын дунд оноогоор 3-т, самбараас бөмбөг авалтаар 2-т дундаж дамжуулалтаар 1-т жагссан юм. Харин шигшээ багийн хамгаалагч Б.Болор-Эрдэнэ 14.4 оноо дунджилж тэмцээний хүрээнд тавд жагссан бол, холбон тоглогч Б.Нямцэцэг 4.6 оновчтой дамжуулалт дунджилж тэмцээний хүрээнд Н.Нандинхүслийн араас буюу хоёрт жагссан билээ. Монголын эмэгтэй U18 шигшээ баг 2002 оны “Азийн аварга” шалгаруулах тэмцээнээс хойш анх удаа FIBA-аас зохион байгуулж  буй тэмцээнд оролцож байгаа нь энэ юм. 2002 онд Монголын шигшээ баг хэсгээсээ гаралгүй тэмцээнээ өндөрлүүлж байжээ. Энэхүү тэмцээний хэсгийн шатанд Монгол Улсын шигшээ баг Малайз, Хонг Конг, Йордан, улсын багуудтай Б хэсэгт багтаж, хэсгээ хожигдолгүй тэргүүлж, хасагдах шатанд Самоа улсын багийг 65:64 харьцаатай ялж финалын тоглолтод шалгарсан билээ.