2001.01.09-нд Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрж өссөн. Гурван ах, хоёр эгчтэй, нэг охин дүүтэй. Манай аав болон бага ах маань үндэсний бөхөөр барилддаг. Манай ах, эгч нар бүгд тусдаа гарсан. Дүү маань аав, ээжтэй хамт амьдардаг. Би өөрөө хотод бэлтгэл сургуулилтаа хийдэг. Багадаа хурдан хөдөлгөөнтэй, юм бүхэнд эв дүйтэй шав шар охин байсан. Алсдаа хүн бүхэнд хүрч тусалж чаддаг, хүний хүндлэл хүлээсэн хүн болохыг хүсдэг байсан.
Боксын спортоор 2014 оноос хойш 13 настайгаасаа хичээллэсэн. Эхэндээ биеэ хамгаалдаг болохын тулд хичээллэж байсан. Нэг л мэдэхэд татагдаад орчихсон. Нэг шүлэг зохиож байсан санаанд орлоо. “Хөлс их урсгасан бэлтгэл Хүч шавхсан дасгалууд” гэж... Миний оролцож байсан тэмцээн бүр тухай бүртээ нэг зүйлийг заасан, ухааруулсан байдаг. Тэр дундаа 2016 онд Азийн хүүхдийн их наадамд ороход 11 кг хасаж байсан. Тэр тэмцээн сэтгэлд хамгийн ойр байдаг.
Чөлөөт цагаараа найз охидуудтайгаа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг. Эсвэл гэртээ ганцаараа ном унших, хүүхэлдэйн кино үзэх дуртай. Боксын спортоос гадна сагсан бөмбөгийн спортод дуртай.
Эрэгтэй хүний биед нэг өдөр орох боломж гарвал найз охидуудаасаа ч юм уу болзоонд уриад нэг өдрийг гоё дурсамжтай өнгөрүүлж өгөхийг хүсэж байна.
Олны танил хүмүүсээс крашладаг хүн ер нь байдаггүй байсан. Ерөөсөө хүн крашлаж байгаагүй. Одоо болохоор номуудад нь их дуртай. Миний хамгийн их хүндэлдэг, хайрладаг зохиолч бол Тодко Самсон.
Ганцаарчилсан болон насанд хүрэгчдийн төгөлдөр хуурын хичээл, хүүхдийн балетын боловсролд зориулан сургалт явуулдаг "Lissom ballet studio"-д суралцахыг хүсвэл MSPORTS app-аар дамжуулан бүртгүүлээрэй.
Дуртай хамтлаг гэж байхгүй. Аль ч жанрын дууг сонсдог. Кино гэвэл дандаа хүүхэлдэйн кино үзэх дуртай. Яагаад хүүхэлдэйн кинонд дуртай гэвэл бодит ертөнцөөс тасраад бүх юмыг өөр ертөнцөд орж үзэх, бүх юмыг өөр талаас харах боломж олгодог юм шиг санагддаг.
Эрэгтэй хүний буурь суурьтай, хүнийг хүндэлдэг, хүмүүжилтэй, зан төлөв сайтай хүнд л дуртай.
Гаргасан онцлох амжилтууд гэвэл Азийн аваргын хүрэл медаль, Азийн хүүхдийн их наадмын хүрэл медаль, Азийн наадмын хүрэл медаль.
Нэг хүний бодлыг унших боломж байсан бол ээжийнхээ бодлыг уншиж үзнэ. Хүүхдүүдийнхээ төлөө ямар их хичээдэг тэр бодол, мэдрэмжийг өөрийн биеэр мэдрэхийг хүсэж байна.
Сэтгэл санаагаар унасан үедээ харанхуйд лааны гэрэл асааж суугаад бодлоо цэгцлэх дуртай. Эсвэл гэрээ цэмбийтэл цэвэрлээд хоол хийж идэнгээ хүүхэлдэйн кино үзэх дуртай.