MSports logo
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэтхэгт гурван тоглолт хийлээ
  • А
    Админ

    6 сарын 15

  • Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэтхэгт гурван тоглолт хийлээ

    Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ өдрүүдэд Энэтхэгт "Hero Intercontinental Cup 2023" олон улсын тэмцээнд оролцлоо. Тэмцээн зургаадугаар сарын 09-нөөс 18-ны өдрүүдэд Энэтхэг улсын Бубанесвар хотын Калинга цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа юм. Манай шигшээ баг энэ сарын 9-нд эхний тоглолтоо Энэтхэгийн эсрэг хийж, 0:2 ялагдсан. Хоёр дахь тоглолтдоо даваа гарагт Ливаны шигшээтэй өрсөлдөж, 0:0 хуурай тэнцсэн. Ингэснээр Монгол Улсын шигшээ баг тэмцээний эхний оноогоо авсан юм. Ливаны шигшээ багийн хувьд дэлхийд 99-р байрт эрэмблэгддэг бол манай шигшээ баг 183-р байранд эрэмбэлэгддэг. Өөрсдөөсөө чансаа өндөр багуудтай ОУХБХ-ны өдрүүдээр нөхөрсөг тоглолт хийж, тэмцээнд оролцох нь манай тамирчдад чансаа ахих, туршлага хуримтлуулах чухал ач холбогдолтой байлаа. Манай баг "Hero Intercontinental Cup 2023" олон улсын тэмцээний гурав дахь тоглолтоо пүрэв гарагт Вануату улсын шигшээ багийн эсрэг хийсэн. Манай баг Вануату улсын шигшээс багаас дэлхийн чансаагаар 19 байрын ард эрэмблэгддэг. Эхний үед хоёр баг харилцан хаалга руу чиглэсэн аюултай довтолгоонуудыг хийж байсан ч хамгаалагч болон хаалгач нарын ойлголцол, хамтын ажиллагаа сайн байж, эхний үед гоол оролгүй 0-0-ээр өндөрлөсөн. Харин хоёрдугаар үе дөнгөж эхлээд ердөө 18 секундын дараа манай улсын шигшээ багийн хамгаалалтыг эвдэж чадсан юм. Ийнхүү Вануату улсын шигшээ 1-0-ээр тоглолтыг хошуучилж, тоглолтын эцсийн шүгэл дуустал давамгайллаа хадгалж чадсан юм. Хэдийгээр манай баг тамирчид удаа дараалан гоолын боломжуудыг үүсгэсэн ч амжилттай болж чадсангүй.

    Хаалгач Э.Мөнх-Эрдэнэ эсрэг багийн хэдэн хэдэн довтолгоог хааж, хаалгаа сайн манасан ч хоёрдугаар үеийн эхний минутанд Вануатугийн шигтгэсэн гоол тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Ийнхүү Монголын баг хожигдсоноор Ливан хэсгийн сүүлийн тоглолтоо Энэтхэгийн эсрэг хийхээс өмнө финалд үлдэх эрхээ баталгаажуулсан.

    Энэхүү тоглолтонд Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш үндэсний шигшээ багийн төлөө хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч болсон юм. Түүний хувьд 2007 онд 17 настайгаасаа хойш Үндэсний шигшээ багийн төлөө тоглосноосоо хойш өчигдөр /2023.06.15/ албан ёсны 36 дахь тоглолтод оролцож, Монголын Үндэсний шигшээ багийн төлөө хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч боллоо.