MSports logo
МОНГОЛЫН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН U17 НАСНЫ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ ААШТ-Д ОРОЛЦОХООР МАЛАЙЗ УЛСЫГ ЗОРИЛОО
  • А
    Админ

    10 сарын 12

  • МОНГОЛЫН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН U17 НАСНЫ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ ААШТ-Д ОРОЛЦОХООР МАЛАЙЗ УЛСЫГ ЗОРИЛОО

    Малайз улсын Куала Лампур хотод зохиогдох ФИБА 3х3 сагсан бөмбөгийн 17 хүртэлх насны, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй багууд оролцохоор Малайз улсыг зорьсон байна. Монгол улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Азбаяр, Э.Ирмүүн, Х.Оргил, Т.Тэмүүлэн нар нэрлэгдэж тэмцээний чансаанд тавт эрэмбэлэгдэж байна. Харин эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Н.Нандинхүсэл, Б.Номин, Б.Болор-Эрдэнэ, Г.Энхжин нар нэрлэгдэж чансааны долоод эрэмбэлэгдсэн байна. Манай улсын эрэгтэй баг Туркменистан болон тэгшитгэлийн шатнаас шалгарсан багтай хамт “D” хэсэгт өрсөлдөх бол Монголын эмэгтэй шигшээ “С” хэсэгт Япон болон тэгшитгэлийн шатнаас шалгарсан багтай өрсөлдөх юм. Тэмцээний хэсгийн шат 10 дугаар сарын 14-өөс эхэлнэ. Багууд хэсгийн шатанд хоёр тоглолт хийх бөгөөд хэсэг тус бүрээс хоёр баг хасагдах шатанд шалгарна.

     

    Монгол улс эрэгтэй шигшээ баг 10 дугаар сарын 14-нд Туркменистан улсын багтай хэсгийн эхний тоглолтоо 14:25 минутад тоглох бол эмэгтэй шигшээ баг 10 дугаар сарын 15-ны 11:25 минутад Япон улсын багтай хийх хуваарьтай байна. Тэмцээний хасагдах шат 10 дугаар сарын 16нд эхлэх бол, аваргыг шалгаруулах шигшээ тоглолт тус өдрийн 15:30 минутад болж, тэмцээн өндөрлөх аж. ФИБА 3х3 сагсан бөмбөгийн U17 Азийн аваргын тэмцээн 2013 оноос хойш таван удаа зохион байгуулагдаж цар тахлын улмаас хоёр жил завсардаад байсан юм. Монгол улс энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй байгаараа гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2018 оны тэмцээнд Монгол улсын эрэгтэй баг хүрэл медаль хүртэж байсан билээ.

    Сонирхуулахад эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан А.Азбаяр таеквондогийн спортоор энэ онд Монгол улсаа төлөөлөн залуучуудын Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөгөөд таеквондогийн “Залуучуудын Азийн аварга” шалгаруулах тэмцээний +78кг жинд хүрэл медаль хүртсэн юм.

     

    Э.Мандалбаяр