Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй эрэгтэй шигшээ баг амжилттай оролцож хүрэл медалийн эзэд боллоо. Өнгөрсөн жилийн аварга Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүн энэ удаа өөрчлөгдсөн ч тэд өөрсдийгөө топ зэрэглэлийн баг гэдгээ дахин батлан харуулж байна. Тус тэмцээнд 3х3-ын өмнөх жилийн аварга А.Анандаар ахлуулсан залуу тоглогчид болох А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа нар оролцсон билээ.
Монголын 3х3-ын шигшээ багууд Азийн аваргын хос медалийн эзэд боллоо
4 сарын 1
Тэмцээний B хэсэгт өрсөлдсөн тэд эхний шатанд Тайланд, Шри Ланка улсын багуудыг хожиж хэсгийнхээ нэгээр шалгарсан. Шигшээ наймд Катарын багтай учраа тааран 19-11 харьцаатай ялалт байгуулж хагас шигшээд үлдэв. Алтан медалийн төлөө тоглох эрхийн төлөө хүчирхэг Австралийн шигшээ багтай тоглож 21-11 харьцаатай ялагдал хүлээж, хүрэл медалийн төлөө Ираны багт хожигдсон Шинэ Зеландын багтай тоглохоор болсон байна.
Шинэ Зеландын багтай хийсэн тоглолт эхнээсээ өндөр хэмнэлтэй өрнөх үед А.Анандын алсын зайн довтолгоо, А.Азбаярын хоёр дахь боломжоор оноо авсан оноонуудаар тэргүүллээ хадгалсаар байв. 14-8 гэсэн тэргүүлэл үүссэн ч Шинэ Зеландын баг бууж өгөлгүй тэмцсээр 15-15 дээр тоог тэнцүүлэхэд манай баг 8 алдаатай тун хэцүү байдалд оров. Түүний араас залуу тоглогч Ч.Тэмүүлэнгийн алсын зайн шидэлт оновчтой болж, түүний араас А.Ананд, А.Азбаяр нар тус бүр нэг оноо авснаар хүрэл медаль хүртэхэд хоёрхон оноо дутуу үлдэв. А.Анандын тоглолтыг дуусгах алсын зайн шидэлт амжилтгүй болсон ч Тэмүүлэн нэмэлт боломж үүсгэж, Анандад өгсөн нь эсрэг багаас алдаа салгаж, хоёр чөлөөт шидэлт гүйцэтгэхээр боллоо.
Багийн ахлагч А.Ананд чөлөөт шидэлтээ хоёуланг нь маш тайвнаар амжилттай гүйцэтгэснээр Монгол улсын эрэгтэй 3х3 шигшээ баг Азийн аваргын хүрэл медалийн эзэд болж байна.
Ийнхүү манай улс 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Азийн аваргаас 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байна. Сингапурт зохиогдсон Азийн аваргын шилдэг тоглогчдын нэгээр А.Ананд тодорч, MVP-ын цом гардан авсан байна.
Тус тэмцээний аваргаар хүчирхэг Австраличууд тодорч, дөрөв дэх аваргын цомоо өргөлөө. Харин тэмцээний мөнгөн медалийг Ираны шигшээ хүртжээ.
Эмэгтэйчүүдийн 3х3 шигшээ Азийн аваргаас анхны медалиа хүрсэн түүхэн үйл явдал тохиолоо
Тэмцээний эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд манай Монголын шигшээ бахдам амжилттай оролцож, хүрэл медалийн эзэд боллоо. Б.Ариунцэцэгээр ахлуулсан О.Индра, М.Цэрэнлхам, О.Хулан нар С хэсгээ тэргүүлэв. Шигшээ наймд хүчирхэг БНХАУ-ын багтай тоглож 20-7 харьцаатай буулган авч томоохон шуугиан тарилаа. Тус тоглолтод манай хамгаалалт тун сайн ажилсан ба Б.Ариунцэцэг 7 оноо, 8 самбар, 1 хаалт, Ө.Индра - 7 оноо, 1 самбар, М.Цэрэнлхам - 4 самбар, 1 хаалт, О.Хулан - 6 оноо, 8 самбар, 1 хаалт, Ө.Индра - 7 оноо, 1 самбар, М.Цэрэнлхам - 4 самбар, 1 хаалт, О.Хулан - 6 оноо, 8 самбар зэрэг үзүүлэлтүүд үзүүлэв. Улмаар аваргын төлөө өрсөлдөх эрхийн төлөө Австралийн шигшээ багтай тоглон 21-6 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. Харин хүрэл медалийн төлөө Шинэ Зеландын багт хожигдсон Хятадын Тайванийн багтай тоглов. Тоглолтын эхлэлээс хамгаалалт, довтолгоо аль аль нь илүү байсан Манай эмэгтэй шигшээ баг үндсэн цагт 17-10-аар хожил байгуулж түүхэндээ анхны медалиа хүртлээ. FIBA 3х3-аас тодруулсан шилдэг эмэгтэй тоглогчдын нэгээр Б.Ариунцэцэг тодорч MVP-ын цомын эзнээр тодорлоо.
Тоглолтын төгсгөлд медаль хүртсэн сэтгэгдлийнхээ талаар О.Хулан: "Бид медаль авахаар зорьж ирсэн. Азийн аваргаас Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа медаль хүртэнэ гэдэг бидэнд түүх болж байна. Баярлалаа Сингапур, баярлалаа Монголчуудаа. Бид маш урт хугацаанд олон хожигдол амссан, харин одоо энэ медалийг хүртэж байгаа нь биднийг ямар хэмжээнд ахиж байгаа вэ гэдгийг батлан харуулж байна. Энэ бол бидний хувьд маш том зүйл. Үргэлж биднийг дэмжиж байдаг Монголчууддаа баярлалаа." Хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.