MSports logo
Улаанбаатар их дуулга тэмцээн маргааш эхэлнэ
  • А
    Админ

    6 сарын 21

  • Улаанбаатар их дуулга тэмцээн маргааш эхэлнэ

    2024 оны Парисын олимпын наадмын оноо олгох Дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар их дуулга-2023” цуврал тэмцээн эхлэхэд ердөө нэг өдрийн хугацаа үлдлээ. Монголын нийт жүдо бөхийн тамирчид, хөгжөөн дэмжигчдийн хүч, оролцоогоор бид бүхэн дэлхийн өндөр зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. Энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд болох тэмцээнд дэлхийн 47 орны 350 гаран тамирчин оролцох тул Мөсөн өргөөнд хүрэлцэн ирж, дэлхийн шилдэг жүдочдын тэмцээнийг дэргэдээс нь үзэх боломжтой юм.

    Энэ удаагийн тэмцээнийг 2 дахь жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна.Тэмцээнд Япон, Казахстан, Франц зэрэг жүдо бөхийн олон шилдэг орнууд дээр нэмэгдээд Орос, Беларусийн тамирчид оролцохоор болсон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй, үзүүштэй болгож байна. Энэ удаагийн тэмцээнийг манай улсаас Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар өнжиж байна. Тэрбээр тамирчдынхаа бэлтгэлд хамт хамрагдаж, баг тамирчдадаа амжилт хүссэн юм.

    “Монгол улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа Гранд Слам тэмцээнд оролцох тамирчдынхаа бэлтгэл сургуулилтанд туслаж байна. Дэлхийн чансаа олгох, олимпын оноо олгох тэмцээн гэдэг утгаараа түрүүлсэн тамирчин 1500 оноо авах учраас тамирчдад их ач холбогдолтой, хариуцлага шаардана. Монголоос нэг жинд дөрвөн тамирчин оролцож байгаа, Монголчуудыгаа Степпе Аренад ирж баг тамирчдаа дэмжихийг уриалж байна. Миний хувьд Их дуулгыг өнжөөд Унгар улсад зохиогдох шилдэг 32 бөхийн мастерсийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.” хэмээн МУГТ Ц.Цогтбаатар хэлэв.