MSports logo
Дэлхийн допингийн эсрэг агентлагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг есөн жил болгон сунгахаар болжээ
  • А
    Админ

    6 сарын 21

  • Дэлхийн допингийн эсрэг агентлагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг есөн жил болгон сунгахаар болжээ

    Дэлхийн допингийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч дүрэмдээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрсний дараа тус байгууллагыг есөн жил удирдах боломжтой болжээ. WADA-гийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн анхны хугацаа 3 жил байсныг 6 жил болгон сунгаж, цаашид гурван жилээр сунгах боломжтой болсон гэсэн үг юм. Польш улсын мэргэжилтэн Витольд Банка 2020 онд WADA-гийн ерөнхийлөгч болсон бөгөөд одоо баталсан өөрчлөлтийн дагуу 2029 он хүртэл албан тушаалдаа хэвээр үлдээх боломжтой болж байна. WADA-гийн мэдэгдэлд "Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг есөн жилээр хязгаарлахыг Удирдах зөвлөлийн бусад гишүүдийн бүрэн эрхийн хязгаартай уялдуулан гурван жилийн эцсийн хугацаатай байх боломжийг нэвтрүүлсэн." гэв. 1999 онд байгуулагдсан цагаасаа хойш WADA-гийн ерөнхийлөгчийн албан тушаалыг спортын зүтгэлтэн болон төрийн байгууллагын хамаарал бүхий эрхэмүүд ээлжлэн хашиж байна. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн үүсгэн байгуулагч буюу анхны ерөнхийлөгч нь Канадын Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн Ричард Паунд байсан билээ. Тэрбээр 2007 оны эцэс хүртэл уг албан тушаалыг хашиж, Шинэ Өмнөд Уэльсийн Ерөнхий сайд асан Жон Фахеи ээлжит ерөнхийлөгчөөр сонгогдож 2013 он хүртэл үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тус байгууллагын гурав дахь ерөнхийлөгчөөр ОУОХ-ны гишүүн, Британийн Сэр Крейг Риди ажиллаж байсан. Сэр Крэйгийг 2020 оны эхэнд Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Польшийн Спортын сайдаар 2019 он хүртэл дөрвөн жил ажилласан Банка залгамжласан. Витольд Банка ийнхүү бүрэн эрхийн хугацаа нь дүрмийн өөрчлөлтийн улмаас сунгагдах боломжтой болоод байна.

    Харин удирдах зөвлөлийн бусад гишүүдийг эхний ээлжинд гурван жилээр томилдог бөгөөд гурван жилийн хугацаатай хоёр удаа ажиллахыг зөвшөөрдөг. Дашрамд сонирхуулахад, WADA-гийн Тамирчдын зөвлөлийн хоёр төлөөлөгч WADA-гийн Удирдах зөвлөлд албан ёсоор элсэхээр болжээ. Тодруулбал, Пара каноэч, Ирландын их сургуулийн органик химийн багш Патрик О’Лири, хоёр олимпод Бельги улсыг төлөөлөн бадминтоны төрөлд оролцсон эмч Ян Тан нар гуравдугаар сард сонгогдоод байсан юм. Тэд WADA-гийн Үндэсний допингийн эсрэг байгууллагын шинжээчдийн зөвлөх бүлгийн хоёр гишүүн болох Өмнөд Солонгосын Ким Кум Пён, Австрийн Майкл Чепик нарын хамт албан ёсоор элсэх болно. Ингэснээр WADA-гийн Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 38-аас 42 болгож нэмэгдүүлж байна.