MSports logo
МУАЙТАЙ БОКСЫН АЗИЙН АВАРГЫН БҮСНИЙ ТӨЛӨӨХ ТУЛААН МАРГААШ ХӨЛБӨМБӨГИЙН ОРДОНД БОЛНО
  • А
    Админ

    10 сарын 19

  • МУАЙТАЙ БОКСЫН АЗИЙН АВАРГЫН БҮСНИЙ ТӨЛӨӨХ ТУЛААН МАРГААШ ХӨЛБӨМБӨГИЙН ОРДОНД БОЛНО

    Муайтай боксын Азийн аваргын бүсний тулаан 10-р сарын 21-нд Улаанбаатар хотод Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болох гэж байна. Нийт зургаан тулаан болохоос оргил тулаан Монголын тулаанч, WMO холбооны аварга Өлзийбатын Төрбаяр, Япон улсын тамирчин “Deep” холбооны аварга Рияаяа Инайтай тулалдана. Тулааны өмнөх хэвлэлийн хурал өнөөдөр Маршал Таунд байрлах “112 Fight Academy”-ийн байранд боллоо. Оргил тулаанд оролцох Монголын тулаанч Өлзийбатын Төрбаяр нь өдгөө 32 настай, 8 настайгаасаа каратэгийн спортоор хичээллэж, 14 настайдаа бокс, 17 настайгаасаа кикбоксоор хичээллэж эхэлсэн юм. Ө.Төрбаяр нь кикбоксын дэлхийн аварга, мэргэжлийн кикбоксын Азийн аварга, муайтай боксын WMO холбооны аварга, “”Arnold Classis world Games”-ийн аварга зэрэг Монголдоо кикбокс, муайтай боксоор урдаа барих тамирчдын нэг юм. Харин Ирояа Инай нь 26 настай өдгөө настай Япон улсын холимог тулаан болон кикбоксын “Deep” холбооны аварга юм. 

     
    Манай улсын тулаанч Ө.Төрбаяр : “Миний хувьд бэлтгэл бүрэн хангагдсан. Аваргын бүсийг эх орондоо авч үлдэнэ. Жингийн хувьд гайгүй 4, 5 жил хассан. 2, 3 сар системтэй бэлтгэл хийсэн. Өрсөлдөгчөө сайн судлаж, бичлэгүүдийг нь үзэж, ямар тактиктай тулалдвал болохоор байна гэж тактик боловсруулсан байгаа. Ямар ч байсан, ялна гэдгээ амлая.” гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

     
    Харин Япон тулаанч Рияаяа Инай : “Би Монголд өчигдөр ирсэн. Монголд ирсэн сэтгэгдэл сайхан байна. Хүмүүс надад таатай хандаж байгаа нь гоё санагдаж байна. Тулаанд ялж, Азийн аваргын бүсийг Япон луу авч явна гэж бодож байгаа. Төрбаяр тамирчин маань нилээн түрэмгий, мундаг тамирчин учраас тулалдах болсонд сайхан санагдаж байгаа. Гэхдээ ялж, бүсийг Япон луу авч явна гэж зорьж байна. Буцаад Монголд дахиж ирж, бүс хамгаалах тулаан хийхэд ч бэлэн байна.” гэсэн бөгөөд хэдэн раундад тулааныг дуусгах төлөвлөгөөтэй байна? гэсэн асуултанд Төрбаяр 1-р үеэс дайрч тулалддаг учраас би ч бас эхний раундаас хурдан дуусгая гэж бодож байна гэв.

     
    Оргил тулаан болох мэргэжлийн кикбоксын 72,5 кг-ын тулаанд ийнхүү Япон тулаанч Рияаяа Инай, Монгол тулаанч Өлзийбатын Төрбаяр нар тулалдана. Мөн энэ өдөр өөр зургаан тулаан явагдах төлөвтэй байна. 
    56,7 кг-д “Jackson-Wink MMA Academy”-ийн тамирчин И.Ядамсүрэн, “Гаруда ММА” клубын Као Кая
    57 кг-д Ширэн бээлийн клубын болон Мазаалай тулааны төвийн тамирчин Ц.Отгонбаяр, Бугат боксын клуб болон Арж капитал ХХК-ны тамирчин Ч.Мөнхсайхан
    61 кг-д Мишээл клубын Т.Өсөхбаяр, Галт дэвжээ клубын Б.Дөлгөөн
    70 кг-д Очир Нударга клубын тамирчин Шаяхмет Исламаллбек, А.Намуунгэрэл
    77,1 кг-д Шонхор клубын Н.Цацрал, Мазаалай тулааны төвийн Батцэнгэл нар тулалдана.

     

    Н.Бэлгүүн