1993 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл дөрвүүлээ. Аав, ээж, ахтайгаа байдаг. Түүний ах нь хөлбөмбөгийн лигт тоглодог байсан. Ээж нь волейболоор хичээллэдэг байжээ.
Сагсан бөмбөгөөр 14 настайдаа 7-р ангиасаа анх хичээллэж эхэлсэн. Их шартай учраас хожигдох дургүй. Хожигдох, хожихын амтыг мэдрэх тусмаа ахин, дахин энэ мэдрэмжээ авах гэж сагсан бөмбөгийн спортод бүр илүү татагдах болсон.
Чөлөөт цагаараа хийж үзээгүй шинэ зүйл хийж, турших дуртай. Шинэ юм хийх боломж гарвал өөрийгөө сорих дуртай. Мөн найзуудтайгаа уулзаж, ярьж суух дуртай. Учир нь ихэнхдээ бэлтгэлтэй завгүй байдаг учраас боломж гарвал найз нөхөдтэйгөө уулзах дуртай. Волейболын спортыг үзэх дуртай, харин хичээллэх дуртай сагснаас өөр спорт гэвэл дартс.
Амьдралдаа гаргасан зөв шийдвэр бол анх сагс тоглохоос эхлээд энэ хүртэл тууштай байсан явдал. Сагсан бөмбөгөөр хичээллээд шантрах үе гарсан ч хэзээ ч орхиогүй, бүх цаг үед сагсан бөмбөгөө сонгоод хичээллэж ирсэн. Их сургуулийн оюутан болоод ч болиогүй, дараа нь сургуулиа төгсөөд ажилд ороод ч сагсаа орхиогүй, түүний дараа мэргэжлийн тамирчин болж тууштай байсан нь хамгийн зөв зүйл гэж боддог.
Амттай бүх хоолонд дуртай. Хоол голоод байдаггүй. Анзаараад байхад ихэвчлэн авах дуртай хоол бол халуун ногоотой хоол, эсвэл sea food буюу далайн хоолонд дуртай.
Хамгийн их айдаг зүйл далайн ус. Далайг харж суух гоё ч усанд нь орохоос айдаг. Учир нь багаараа Мальдивт тэмцээнд явж байгаад далайн усанд унасан. Түүнээс хойш далай гэхээр траума мэдрэмж нь сэргээд аймар санагддаг. Далайн усанд орохоос үнэхээр айдаг.
Хөгжилтэй, халамжтай, намайг уйдаадаггүй эрэгтэй хүнд дуртай. Мааз ойлгодог, хөгжилтэй, догь хүмүүст дуртай.
10 жилд байхдаа ОХУ-д болдог “Кест баскет” гэдэг өсвөрийн тэмцээнд сургуулийнхаа багаар шалгарч, оролцсон. Тэрхүү тэмцээндээ тэмцээний дундаж оноо авалтаар шилдэг шагнал авч байсан. 2017 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болоход тэмцээний хоёр дахь өдөр 19 оноо авч, тэргүүлсэн. Мөн 2019 онд Казахстанд болсон Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээний шидэлтийн тэмцээнд оролцож, түрүүлсэн. Хамгийн том амжилт бол багийн спортоор “Токио-2020” олимпод багаараа орсон нь. Чимэддолгор буюу Чимкагийн цаашдын зорилго тив, дэлхий томоохон олон улсын тэмцээнд медальт байранд орох.
Амьдралд чухал гэж үздэг зүйл хүнд гай болохгүй байх. Өөрийнхөө урдах ажлаа сайн хийж, бусдад төвөг удахгүй амьдрах юм сан гэж боддог. Тууштай байдал амьдралд маш чухал. Үлгэр дуурайлал авдаг хүн сагсан бөмбөгөөс Коби Брайант. Хүмүүстэй уулзаад гоё шинж чанар байвал тэр зүйлсээс нь үлгэр дуурайлал авдаг.
Сэтгэлээр унасан үедээ унтдаг. Унтаж сэрээд ч сэтгэлээр унасан хэвээрээ байвал дотнын хүмүүстэйгээ ярилцах дуртай. Олон хүнтэй хамт байж, ярилцаж, өөр зүйлс хийж сатаарвал сэтгэлээр унасан зүйлээсээ гарсан байдаг.