1998.04.11-нд Улаанбаатар хотод айлын дунд охин болж мэндэлсэн. Манай аав, ээж хоёр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хүмүүс байдаг. Ээж, аав хоёр маань спортод эвсэлтэй, авьяастай хүмүүс байдаг. Ээж багаасаа сагс, волейболоор хичээллэж байсан. Миний хувьд багадаа спортод сонирхолтой хүүхэд байлаа. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, бүжгийн дугуйланд хамрагдаж өөрийгөө сорьсон.
Хүндийн өргөлтийн спортоор 2013 оноос Чинзориг, Дөрвөнжин багш нарынхаа удирдлага дор хичээллэж эхлээд 2017 оноос хойш шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр багшийнхаа дасгалжуулалтан дор өдийг хүртэл хичээллэж байна. Багш нартайгаа учирсандаа маш их талархаж явдаг. Хүндийн өргөлтийн хүмүүс хараад хүчтэй, бяртай хүмүүс өргөдөг гэж боддог байх гэхдээ 100 мэдрэмж, техник, хөдөлмөрийн асуудал байдаг болохоор надад бэрхшээлтэй санагдаагүй. Хүн тууштай байж хөдөлмөрлөөд хичээвэл хүссэн юмандаа хүрч чадна гэдэгт би итгэдэг. Энэ спортод тууштай байх шалтгаан маань манай аав. Аав маань намайг хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлж байх үед Бурхан болсон. Би аавынхаа Ганзориг гэдэг нэрийг дэлхийн тавцанд дуудуулахыг хүссэн. Аав маань надад хүчийг өгсөн.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр яахын аргагүй хүндийн өргөлтийг сонгосон минь байсан. Хүмүүс намайг өндөр байна, туранхай байна энэ чиний спорт биш гэж хэлдэг байсан ч би дотроо өөртөө надад боломж байна, би энийг чадна гэж итгэж энэ спортоо сонгосон. Би тэр шийдвэртээ харамсдаггүй. Яагаад гэвэл би энэ спортоос олон сайхан буянтай зүйлсийг мэдэрч ирсэн. Надад спорт маш олон зүйлийг заасан. Тууштай байх, юманд шантрахгүй байх, хүчтэй зоригтой байх, баг хамт олонтой байх, цагийн менежмент зэрэг амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурсан. Багш маань биднийг маш сайхан хүмүүжүүлсэн.
2022 оны Азийн аваргад хүрэл медаль хүртсэн. Тэр үед дараа жил би заавал Азийн аварга болно гэж бодсон. Мөнгө, хүрэл медаль хүртэх гоё мэдрэмж байдаг гэхдээ Монгол хүн Монгол тамирчин хүний хувьд Төрийн дууллаа сонсоно гэдэг маш үнэ цэнтэй. Би өөрөө цэргийн хүн тийм ч учраас алтан медаль хүртээд Төрийн дууллаа сонсох маш гоё, торгон мэдрэмж байсан. Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээн олимпын эрхийн чухал тэмцээн учраас заавал оролцох шаардлагатай байсан. Тийм болохоор жин, жиндээ маш өрсөлдөөнтэй болсон. Тэмцээнд жиндээ 1-р байранд шалгарч, Төрийн дууллаа сонсох туйлын сайхан санагдсан.
Будаатай шөл, будаатай хуурга, банштай цайнд дуртай. Будаатай хоолонд ер нь дуртай. Бага байхад ээж будаатай шөл, будаатай хуурга гоё хийдэг байсан. Мах, будаа орсон өөр элдэв хольцгүй тийм хуурга, шөлөнд их дуртай.
Найз залуугийнхаа тайван, юманд хүлээцтэй хандаж, тайван дөлгөөн байдаг занд нь дуртай. Нэг спортын тамирчид байсан болохоор миний сэтгэлзүйч болдог, сайн найз минь ч болж чаддаг. Зарим үед болохгүй байгаа зүйлсийг маань шударгаар зөвлөж, аав шиг минь ч ханддаг. Миний бэлтгэл, сургуулилт их үед ар талд санаа зовоохгүйгээр бат даадаг. Манай нөхөр тэгж хандаж чаддаггүй байсан бол ийм амжилт гаргаж чадахгүй байсан. Шинжлэх ухаанчаар юмыг мөн судалж чаддаг, надад энэ нь хэрэгтэй, энэ хэрэггүй гэдгийг судлаад, зөвлөж тусалдаг. Эрэгтэй хүний биед орж болох байсан бол хамгийн түрүүнд өөрийгөө ямар харагддаг тухай мэдэхийг хүсэх байсан.
Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, насанд хүрэгчдийн Азийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аваргын хүрэл медаль, залуучуудын Азийн аваргын мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Дэлхийн цомоор хоёр удаа түрүүлсэн.
Чөлөөт цагаараа ном унших гэж хичээдэг. Яагаад гэвэл манай спорт оюун санаагаа тайван байлгах хэрэгтэй спорт. Тийм болохоор оюун санаагаа тайван байлгаж ном унших дуртай.
Супер хүчтэй байвал хүний бодлыг унших. Хүний бодлыг уншиж чаддаг бол надад маш сонирхолтой санагддаг.
Сэтгэлээр унасан үедээ нөхөртэйгөө л маш их ярилцахыг хүсдэг. Би ярилцаж тайвширдаг. Нөхөр маань намайг сонсож, тайтгаруулж чаддаг учраас нөхөртэйгөө ярилцах дуртай.