Манай аавын талынхан Ховдын хүмүүс байдаг. Ээж Дундговийнх. Би Дундговьд 1999.12.22-нд төрсөн. Манай ээжийн талын эмээ, өвөө спортын зэрэгтэй, спортоор хичээллэдэг хүмүүс байсан. Бага байхдаа хичээлдээ сайн, даруухан ер нь сайн л хүүхэд байсан даа. Том болоод одоо байгаа шигээ сайн тамирчин болохыг хүсдэг байсан.
Манай гэр бүлийнхэн өндөр. Аав 188 см, ээж 172 см. Миний өндөр 198 см хавьцаа. Волейболын спортоор багаасаа аав, ээжийг дагаж хичээллэсэн. Аав, ээж маань волейболд сонирхолтой байсан. Заал руу дагаж яваад хичээллэж эхэлсэн. 2016 онд Алдар спорт хороонд болсон Идэрчүүдийн тэмцээнд аварга болсон. Тэр тэмцээн минь волейболтой холбогдолтой хамгийн нандин дурсамж санагддаг.
БНСУ-ын лигт энэ жилээс Ази тоглогчдын дунд сонгон шалгаруулалт тусад нь явуулах болсон. Сонгон шалгаруулалтад оролцоод Солонгосын лигийн багт сонгогдсон. Сонгон шалгаруулалтад нийтдээ Азийн 7 улсын 24 тамирчин оролцсоноос тэргүүн сонголтоор би сонгогдсон. Хамгийн түрүүнд сонгогдоход аягүй гоё байсан. Нэлээн хүлээлттэй байсан. Драфтад эхний 3 сонголт дотор сонгогдох болов уу гэж бодож байсан. Манай шинэ баг “Daejeon Samsung Bluefangs”-ын тухайд Солонгосын лигийн түүхэнд хамгийн олон удаа аваргаар тодорсон баг. Samsung компанийн ивээн тэтгэдэг баг.
Супер хүчтэй болох боломж байсан бол нисдэг болно. Яагаад гэвэл хүссэн үедээ хаашаа ч хамаагүй нисээд санасан хүмүүстэйгээ уулзаж чадах учраас.
Эмэгтэй хүний оронд нэг өдөр орох боломжтой байсан бол тэр өдөртөө эмэгтэй хүний хийж болох бүх зүйлийг хийж үзэх байсан. Өндөр, гоё хувцасладаг, даруухан, спортлог охидууд таалагддаг. Найз охин байхгүй ээ.
Одоогоор Солонгосын топ 5 сургуулийн нэг “Sungkyunkwan university”-д суралцаж байгаа. Солонгост анх 17 настайдаа ирсэн. Солонгос хүмүүсийн соёл, хүмүүсийн зарчим зан зэрэг нь таалагддаг. Чөлөөт цагаараа сагс тоглох дуртай.
Гаргасан амжилтууд нэлээн хэд байгаа. Энэ дундаас онцолбол өмнөх жил Монголын волейболын дээд лигт 3-р байранд шалгарсан. Цаашдын зорилго гэвэл Солонгосын лигт тоглоод аварга болох зорилготой байна даа.
Амьдралдаа ядарсан хүмүүст тусалж, хүнд хоргүй амьдаръя гэж боддог доо. Ааваасаа үлгэр дуурайлал авдаг.
Дуртай кино Vikings. Дээр үеийн Викингчүүдийн тухай дайн, тулаантай кинонд дуртай. Викингчүүдийн соёл, зан заншил, байгаа байдал нь сонирхол татдаг. Өөрөө ч гэсэн дээр үеийн орчинд амьдарч үзэхийг битүүхэн хүсэж явдаг. Дуртай дуу Coldplay – Sky full of stars. Тэр дууг сонсохоор хүсэл эрмэлзэл ундраад, авч байгаа мэдрэмж нь гоё байдаг.
Сэтгэлээр унасан үед мотивац өгсөн кино үздэг. Эсвэл дуу сонсонгоо алхдаг.