Парис-2024 Паралимпын наадам өчигдөр нээлтээ хийж медалийн эзэд тодорсоор байна. Наадмын эхний өдөр Монгол улс анх удаа таеквондо төрлөөр алтан медаль хүртэж наадмын босгыг амжилтаар дүүрэн эхлүүллээ. У.Сүрэнжав нь таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн финалын шатанд Ираны тамирчинтэй тулж 5:2 харьцаатайгаар илүүрхэн хожсоноор Монголдоо паралимпоос гурав дахь алтан медалийг авчирч, олимпын анхны эмэгтэй аварга болж байгаа юм.
Паралимпын наадмын эхний өдрийн медалийн онцлох үйл явдлууд
8 сарын 30
Грүүтэд зориулсан алт
Парис 2024 паралимпын наадмын анхны алтан медалийг эмэгтэйчүүдийн 500 метрийн тойрог замын дугуйн уралдаанд түрүүлсэн Нидерландын тамирчин Кэролайн Гроот хүртжээ. Тэрээр Токио-2020 паралимпод уг төрлөөр оролцож анхны хүрэл медалиа хүртсэн байна. Түүний өрсөлдсөн C ангилал (C4-5) нь хөл, гар эсвэл их биений гэмтэлтэй боловч стандарт унадаг дугуй ашиглах чадвартай дугуйчдад зориулагдсан ангилал аж.
Усанд сэлэлтийн төрөлд Итали тэргүүлж байна.
Тэмцээний эхний өдөр усан сэлэлтийн төрөлд Итали улсын тамирчид хоёр алт зэрэг авч Парисын Ла Дефэнс Арена цэнгэлдэх хүрээлэнд эхлэлээ амжилттай тавьжээ. Карлотта Гилли эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн S13 ангилалд алтан медалийг хүртсэн бол эрэгтэйчүүдийн 200 метрийн S5 ангилалд Франческо Боккардо нэгдүгээр байрт шалгарч алтан медалийн эзэн болжээ.
Дүрвэгсдийн багаас анхны медалийг Закиа Худадади хүртэв.
Афганистан улсаасаа зугтаж Францад дүрвэж ирсэн Закиа Худадади эмэгтэйчүүдийн 47кг жинд хүрэл медаль хүртсэнээр Дүрвэгсдийн паралимпын багаас медаль хүртсэн анхны тамирчин болж түүхэнд бичигджээ. Тэрээр "Энэ медаль нь Афганистаны бүх эмэгтэйчүүд болон дэлхийн бүх дүрвэгсдэд зориулагдсан юм. Хэзээ нэгэн цагт эх оронд минь амгалан тайван байдал тогтох байх гэж найдаж байна” гэжээ.
Ширээний теннисний хамгийн залуу тамирчин хүрэл медаль хүртэв.
Их Британийн тамирчин 14 настай Блай Товмей ширээний теннисний WD14 ангилалд Флисс Пикардтай хамт хосын хүрэл медаль хүртэж, Их Британийн хамгийн залуу Паралимпын ширээний теннисний медальтан болжээ. "Би анхны паралимпын наадмаас медаль авсандаа үнэхээр бахархаж байна. Би дөнгөж 14 настай учраас энэ нь надад маш их ач холбогдолтой юм." гэжээ.