Куба улсын бөх домогт Михайн Лопес Нуньес олимпод бичигдээгүй шинэ түүхийг бүтээхээр зэхэж байна. Өдгөө 41 настай бүх цаг үеийн хамгийн агуу бөхчүүдийн нэг гэгддэг Лопес нь сонгомол бөхийн дэлхийн таван удаагийн аварга (2005,2007,2009, 2010, 2014), сонгомол бөхийн анхны дөрвөн удаагийн олимпын аварга (2008,2012,2016,2021) болсон амьд домог юм. Түүний хувьд анхны олимп нь 2004 онд Афинд болсон олимп бөгөөд сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 120кг жинд шөвгийн наймд шалгарч, ОХУ-ын нэрт бөх Хасан Бароевтой учраа таарч олимпын дэвжээнээс анхны ялагдлаа хүлээж байжээ.
Тухайн үед Лопесын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Оросын бөх Бароев байсан бөгөөд 4 жилийн дараа Бээжин-2008 олимпод өөрийн улс болох Куба улсын тугчаар наадмын нээлтэд оролцохдоо:
“Бароев бол миний хамгийн том өрсөлдөгч. Алт нь надад эсвэл түүнд байх болно. Би ялах магадлал өндөр гэж бодож байна."
гэж ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Харин үүний дараа тэд 120кг жингийн финалд дахин учраа таарч Лопес Оросын бөх Хасан Бароевыг 5:0-ээр буулган авч тэргүүлэн анхны алтан медалиа 26 насандаа хүртжээ.