MSports logo
СОНИРХОГЧДЫН БОКСЫН 2024 ОНЫ ОЛИМПИЙН ЭРХҮҮДИЙГ ИРЭХ ОНД ТИВИЙН ТЭМЦЭЭНҮҮДЭЭС ОЛГОЖ ЭХЭЛНЭ
  • А
    Админ

    11 сарын 7

  • СОНИРХОГЧДЫН БОКСЫН 2024 ОНЫ ОЛИМПИЙН ЭРХҮҮДИЙГ ИРЭХ ОНД ТИВИЙН ТЭМЦЭЭНҮҮДЭЭС ОЛГОЖ ЭХЭЛНЭ

    Олон улсын сонирхогчдын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлев тус спортыг ирээдүйн Олимпийн наадамд оруулахгүй байх шийдвэрийг чимээгүй хүлээж авахгүй гэдгийг анхаарууллаа. Парис 2024 олимпийн засаглалын асуудлаас болж сонирхогчдын боксын холбооны оролцоог хасч, Олон улсын олимпийн хороо тоглолтуудыг удирдан зохион байгуулахаар болсон. Олон улсын олимпийн хорооны анхны хөтөлбөрөөс хасагдсан боксын хувьд Лос-Анжелес 2028 тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулах тулаантай тулгарч байгаа ч боксыг сэргээхгүй бол "хэн ч чимээгүй байхгүй" гэж Умар Кремлев мэдэгджээ. Тэрбээр онлайн хэвлэлийн бага хурал дээр "Бид бокст дурладаг хүмүүсийг улам бүр нэмэгдүүлж, татан оролцуулж байгаа, бокст дуртай олон сая хүн бий. Нэг тэрбум гаруй хүн бокст дуртай. Миний бодлоор боксыг олимпоос хасах гэж оролдвол хэн ч дуугүй байхгүй байх болно. Боксын хамт олон, байгууллагын хувьд бид боксыг Олимпийн наадамд үлдээхийн тулд чадах бүхнээ хийх болно” гэжээ. Францын боксчин Эстелл Моссели дараа нь ОУОХ-ны Парис 2024 олимпын боксын сонгон шалгаруулалтын шинэ тогтолцооны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна гэж шүүмжилсэн байна. Рио-де-Жанейро 2016 олимпийн алтан медальт тамирчин эх орондоо болох олимпод оролцохыг хүсч байгаагаа мэдэгдсэн ч шинэчилсэн форматын талаар сэтгэл дундуур хэвээр байгаа аж. ОУОХ-ны боксын ажлын хэсэг Парис 2024 болох боксын тэмцээнийг, сонгон шалгаруулалтын замтай хамт удирдаж байгаа юм. Гэсэн ч тамирчид мэргэшлийн тогтолцоо нь тодорхойгүй хэвээр байна гэж жил хагасын дараа болох олимпийн боксын төрлийн удирдамжийн талаар үг хэлсээр байна.  ОУОХ удирдан, шат дарааг батлан зөвшөөрсөн гэж мэдэгдэж байгаа ч тамирчдын хэн нь ч нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. IBA-аас өмнө нь санал болгосон жингийн ангилал хүчинтэй байгаа эсэхийг ч бид мэдэхгүй. ОУОХ-ноос санал болгож буй мэргэшлийн систем нь мэргэжлийн хүмүүс болон бүх боксчдын хувьд шударга байх болов уу? гэх мэт эргэлзээтэй асуулт, саналууд гарсаар байгаа аж.

    ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл ирэх жил тивийн олон төрлийн спортын тэмцээнд тамирчид квотын эрхийн төлөө тулалддаг боксын мэргэшлийн шинэ тогтолцоог соёрхон баталсан. 2023 онд Сантьягод болох Пан Америкийн наадам, 2023 онд Краков-Малопольска хотод болох Европын наадам, 2023 онд Соломоны арлуудад болох Номхон далайн наадам, Ханжоу хотод болох хойшлогдсон Азийн наадмыг сонгон шалгаруулах тэмцээн болгон ашиглахаар болсон билээ.  2023 онд Аккра хотод болох Африкийн наадам ч мөн адил сонгон шалгаруулах эрхийн тэмцээнд нэрлэгдэж байна. ОУОХ тивийн сонгон шалгаруулалтыг дуусгасны дараа 2024 онд дэлхийн сонгон шалгаруулах хоёр тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Парист олимп болохоос өмнө үлдсэн квотын байрыг тодруулна. ОУОХ энэ систем нь өмнөх системээс өөр бөгөөд бүх тамирчдад "бүрэн тэгш, шударга боломжийг" хангасан гэж мэдэгдэж байна.

     

    Н.Бэлгүүн