MSports logo
МОНГОЛЫН БОКСТ ШИНЭХЭН АЗИЙН МЕДАЛЬТНУУД ТӨРЖ БАЙНА
  • А
    Админ

    11 сарын 6

  • МОНГОЛЫН БОКСТ ШИНЭХЭН АЗИЙН МЕДАЛЬТНУУД ТӨРЖ БАЙНА

    Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын Амман хотноо энэ сарын 1-нээс, 12-ныг хүртэл болох хуваарьтай байгаа билээ. Энэхүү тэмцээнд 30 орны эрэгтэй, эмэгтэй нийт 25 жинд 320 гаруй ширэн бээлийтнүүд хурд хүчээ сорьж байна. Монгол Улсын хувьд эрэгтэй ес, эмэгтэй найман жинд тамирчдаа илгээсэн байгаа юм. Мөн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, туслах дасгалжуулагч О.Батхүү, Б.Эрдэнэбаяр, аброр эмч Ч.Насанбат гэх арын албаны бүрэлдэхүүний хамтаар Амман хотыг зорьсон билээ. Өнөөдөр буюу тэмцээний 7 дахь өдрийн байдлаар Монгол улсын есөн тамирчин медалийн болзол хангаад байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Уранбилэгийн Шинэцэцэг, 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, ОУХМ Алтанцэцэг нар хүрэл медалийн болзол биелүүлэн мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Төгсжаргалын Номин-Эрдэнэ, Казакстаны тамирчин Ази тивийн хошой аварга Волоссенког ялж 19 насандаа тивийн медалийн болзол хангалаа. Эрэгтэйчүүдийн -51 кг-ийн жинд ОУХМ Х.Энхмандах, -57 кг-ийн жинд Г.Лундаа, -60 кг-ийн жинд Баярхүүгийн Буяндалай нар тус тус хүрэл медалийн болзол биелүүлээд байна. Ази тивийн аваргын алт мөнгө хүрэл медальт ОУХМ Баатарсүхийн Чинзориг Палестины тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдах байсан ч өрсөлдөгч тамирчин тулалдах боломжгүй болсноор мөн хүрэл медалийн болзол хангаад байгаа юм.

    Харин эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд залуу тамирчин Жанаргүль хүрэл медалийн төлөө Япон улсын тамирчинд хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн бол эрэгтэй тамирчдаас 48 кг-ийн жинд ОУХМ О.Өнөболд Японы тамирчинд, 54 кг-ийн жинд Д.Ганболд Казакстаны тамирчинд тус тус медалийн төлөө тоглолтод хожигдоод байгаа юм. Энэхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнд 9 тамирчин медалийн болзол хангаснаас 7 нь анх удаа Азийн аваргын медалийн тавцанд зогсох юм. Энэ сарын 9-нөөс медалийн өнгө хувиргах тоглолтууд болж, 11-нд эмэгтэй жингүүдийн аваргыг тодруулж, 12-нд эрэгтэй жингийн аваргууд тодрох хуваарьтай байна.

     

    Э.Мандалбаяр