MSports logo
ПУЭРТО-РИКО УЛСЫН БАГ САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-ИЙ ХАСАГДАХ ШАТАНД АНХ УДАА ШАЛГАРЛАА
  • А
    Админ

    9 сарын 26

  • ПУЭРТО-РИКО УЛСЫН БАГ САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-ИЙ ХАСАГДАХ ШАТАНД АНХ УДАА ШАЛГАРЛАА

    Пуэрто-Рико улсын шигшээ баг хасагдах шатанд шалгарах “А” хэсгийн сүүлийн эрхийн төлөө Солонгос улсын багтай тоглож 92-73 харьцаатай ялалт байгууллаа. Тэд энэ удаагийн тэмцээнд АНУ, БНХАУ, Бельги, Солонгос болон Босниа Херзеговина улсын багуудтай “А” хэсэгт багтаж нээлтийн тоглолтод Босниа Херзеговина улсын багийг хожиж АНУ, БНХАУ, Бельгийн багуудад хожигдон адил нэг хожилтой байсан Солонгосын багтай сүүлийн тоглолтоо хийсэн билээ.
    Энэхүү тоглолтод Пуэрто-Рико улсын гарааны дөрвөн тоглогч 15 болон түүнээс дээш оноо авч багаа хасагдах шатруу хөтөлсөн бөгөөд хүчний довтлогч Мяа Холлингшед 29 оноо авч бүх тоглогчдыг оноогоор тэргүүлсэн юм.

    Багийн ахлагч Тайра Мелендес “ Бид өөрсдийнхөө түүхийг бүтээж байна. Яг одоо манай улсыг “Fiona” хар салхи дайрч нөхцөл тийм ч сайн биш байгаа. Бид улсынхаа иргэдэд бага ч болов баяр баясал төрүүлэх зорилготой тоглосон” хэмээн тоглолтын дараа баярын сэтгэгдлээ хуваалцжээ.
    Пуэрто-Рико улсын сагсан бөмбөгийн эмэгтэй баг түүхэндээ хоёр удаа ДАШТ-д оролцож байгаа бөгөөд 2018 оны Испани улсад зохиогдсон ДАШТ-д анх удаа оролцож нэг ч хожилгүй хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлж байсан. 
    Австрали улсын Сидней хотод зохиогдож байгаа “FIBA Women’s World Cup” тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өнөөдөр дуусаж есдүгээр сарын 29-ний өдрөөс хасагдах шатны тоглолтууд эхлэх хуваарьтай байгаа билээ. 
     

    Э.Мандалбаяр