Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA-ын лигт өнөөдөр 14 тоглолт болж өнгөрлөө. Өрнөд бүсийн сүүл мушгиж буй Портланд Трэйл Блэйзерс, Юта Жазз багууд учраа таарч Портанд Трэйл Блэйзерс баг талбай дээрээ 121-105 харьцаатайгаар буулган авч улирлын 4 дэх ялалтаа байгууллаа. Харин Юта Жазз баг ийнхүү 4 дараалсан хожигдол амсан 4-11 амжилттайгаар 13-р байранд явж байна. Име Удока дасгалжуулагч эхний жилдээ дасгалжуулж буй Хьюстен Рокетс баг талбай дээрээ Мемфис Гриззлес багтай тоглож 20 онооны зөрүүтэй буюу 91-111-ээр ялснаар сүүлийн 10 тоглолтынхоо долоод нь хожил байгуулаад байна. Дорнод бүсийн хоёрдугаар байрт бичигдэж явсан Филидельфиа 76-ерс баг өнгөрсөн улирлын MVP Жоел Эмбийдгүйгээр Миннесота хотын багтай тоглон 99-112-оор хожигдсон байна. Ийнхүү Миннесота Тимберуолвес 11-3 амжилттайгаар өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ.
Өнөөдөр НБА-д нийт 14 тоглолт болсон ба Миннесота Тимберуолвес өрнөд бүсийг тэргүүлж, Бостон Селстикс дорнод бүсийн тэргүүллээ баталгаажууллаа
11 сарын 23
Өрнөд бүсийн 7, 9 дүгээр байранд бичигдэж байсан Сакременто Кинс, Нью Орлеанс Пеликанс багууд хоорондоо тоглож 112-117 харьцаатайгаар Пеликансын давамгайлд тоглолт өндөрлөлөө. Шинэ залуу тоглогчдын амжилтаар цангаж буй Оклахама Сити Тандер баг дорнод бүсийн 13-р байрт яваа Чикаго Буллс багийг талбай дээрээ хүлээн авч 116-102-оор ялснаар бүсдээ хоёрдугаар байранд бичигдэж эхэллээ.
Жэймс Харденг солилцоогоор авснаас хойш зургаа дараалан хожигдоод байсан Лос Анжелес Клипперс сүүлийн хоёр тоглолтдоо хожоод байсан бол өнөөдөр 9 дараалан хожигдсон Сан Антонио Спөрс багийг 109-102-оор ялж 6-7 амжилттай болоод байна. Нөгөө талд энэ жилийн драфтын тэргүүн сонголтыг авсан Сан Антонио Спөрс багийн хар цуврал үргэлжилж 10 дараалан хожигдлоо. Дорнод бүсийн дундаж амжилттай яваа Алтанта Хокс болон Брүүклин Нетс багуудын тоглолт гал гарсан өрсөлдөөн дунд өрнөлөө. Атланта Хокс баг талбай дээрээ хүлээн авсан уг тоглолт бүтэн 4 үеийн турш өрсөлдөөнтэй өрнөж төгсгөлийн мөчид 131-131 дээр оноо тэнцэн нэмэлт цагт шийдэгдэхээр болов. Нэмэлт цагт Трэй Янгийн гайхалтай тоглолтын ачаар Алтантай Хокс баг өрсөлдөгчөөсөө 2 оноо илүү авч 145-147 харьцаатайгаар ялалт байгуулав. Тус тоглолтод Трэй Янг 43 оноо авсан нь энэ улирлын дээд амжилт болон бүртгэгдлээ.
Дорнод бүсийн тэргүүлэгчид болох Бостон Селтикс, Милаукий Бакс нарын хооронд мөн л улирлын гайхалтай тоглолт болж өндөрлөлөө. Бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон уг тоглолтод талбайн эзэд болох Бостон Селтикс эхний хагаст үүссэн 14 онооны зөрүүний ачаар 119-116-өөр буулган авлаа. Ийнхүү тэд 12-3 амжилттайгаар бүсээ итгэл төгс тэргүүлж байна.
Шилдэг хамгаалагчийн шагналд өрсөлдөж буй Бам Адебайяо өнөөдөр гэмтлийн улмаас тоглолтод оролцоогүй ч Миами Хит баг Донаван Митчеллгүй Кавалиерсийг 129-96-аар ядах зүйлгүй буулган авсан байна. Лигийг алсын зайн шидэлтээр тэргүүлж буй Индиана Пэйсерс баг талбай дээрээ Торонто Рэпторсийг хүлээн авсан ба Бадди Хилд төгсөлийн мөчид алсын зайн шидэлтээ алдаж 132-131-ээр ялагдал хүлээв. Дорнод бүсийн сүүл мушгиж буй Вашингтон Визардс, Шарлотт Хорнетсыг 3-р үед 15+ оноогоор тэргүүлж байсан ч дөрөвдүгээр үед Шарлотт Хорнетсын довтолгоог зогсоож чадалгүй 114-117-оор ялагдлаа. Шарлотт Хорнетс хоёр дараалан ялсан бол Вашингтон Визардс 7 дараалан ялагдаж 14-р байрт бичигдэж байна.
Өмнөх жилийн аваргууд энэ жил огцом амжилт үзүүлж буй Орландо Мэжик багийн талбайд зочлов. Орландо Мэжик баг сүүлийн 4 тоглолт дараалан хожсоныг зарим сэтгүүлчид түр зуурын хөөсрөл хэмээн харж байсан бол тэд өнөөдөр аваргуудыг 119-124-өөр буулган авч зүгээр нэг тохиолдол биш гэдгийг нотлон харуулав. Тус тоглолтод Никола Иокич трипл дабл гүйцэтгэсэн ч Пауло Банкеро, Франц Вагнер, Койл Энтони нар зогсоогдошгүй байлаа.
Өнөөдрийн оргил тоглолт Финикс Санс, Голден Стэйт Уарриорс болон Даллас Маверикс, Лос Анжелес Лэйкерс багуудын хооронд явагдлаа.
Финикс Санс талбай дээрээ Голден Стэйтийг хүлээн авч гуравдугаар үед аль хэдийн 20 онооны зөрүү үүсгэв. Алтан мужийнхан дөрөвдүгээр үеийн эхэнд 10 хүртэл ойртуулсан ч Кевин Дурант, Дэвин Бүүкер болон бусад үүргийн тоглогчдыг зогсоож чадалгүй 115-123 аар ялагдал хүлээлээ. Финикс Санс 8-6 амжилттайгаар 7-р байрт яваа бол Голден Стэйт Уарриорс 7-8 амжилттайгаар 10-р байранд явна.
Өчигдөр Юта Жаззыг талбай дээрээ бут ниргэсэн Лос Анжелес Лакерс өнөөдөр талбай дээрээ Даллас Мавериксийг хүлээн авлаа. Тоглолтын эхлэлээс Даллас Мавериксчуудын хамгаалалт довтолгоо аль аль нь үр дүнтэй байж гуравдугаар үе гэхэд онооны зөрүү 20-д хүрэв. Лакерст том дарамт үүссэн ч тэд дөрөвдүгээр үед 20 онооноос эргэн ирэлт хийж бүр 101-99 дээр илүү гараад амжив. Тоглолт нэгэнт эргэсэн мэт ордон шуугьж байх үед Кайри Ирвинг алсын зайн довтолгоогоо амжилттай болгосноор 102-101 ээр Далласчууд эргээд тэргүүллээ авав. Сүүлийн довтолгоонд оноо авахад Лэйкерс баг ялалт байгуулах байсан ч Леброн Жэймсийн эзэнгүй дамжуулалт таслагдаж улмаар Ирвинг хоёр шидэлтээ гүйцэтгэснээр тэдэнд тоог тэнцүүлэхэд хоёрхон секундийн хугацаа үлдсэн байлаа. Шүгэл дуугарч эцсийн хувилбар Леброн Жэймсээр явсан ч бөмбөг цагаригт ойж Даллас Маверикс баг хэтэрхий тайвшир ч хожигдох шахсан тоглолтоосоо амьд үлдлээ. Ийнхүү тэд 104-101 харьцаатайгаар ялалт байгуулан 9-5 амжилттай бүсийнхээ 4-р байрт бичигдэж байна. Маргааш АНУ-д “Талархлын баяр”-ын өдөр тул бүх багууд тоглолт байхгүй амрах нь ээ.