Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос жил бүр зохиодог “Ой тогтоолтын ДАШТ” БНХАУ-ын Саняа хотод 12-р сарын долооны өдрөөс 10-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. 32 дахь удаагаа зохиогдож буй уг тэмцээнд манай улсаас ОУ-ын шүүгч, Дасгалжуулагч: Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нараар удирдуулсан 31 тамирчин оролцож дэлхийн тамирчидтай оюун ухаанаа уралдуулсан байна.
"Нэр, Зүс царай" тогтоох төрөлд манай улсын гурван тамирчин нас, насны ангилалд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тухайлбал насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер, Дэлхийн аварга Т.Тэнүүн 188 нэр, өсвөр насны ангилалд Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ 175 нэр, бага насны ангилалд Б.Анужин 99 нэр тогтоож дэлхийн рекордыг өөрсдийн нэр дээр шинэчлэн бичүүлээ.