MSports logo
Оскарын шагналт жүжигчин Мишель Ёо долоон шинэ гишүүний хамт ОУОХ-нд элсэв
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 18

  • Оскарын шагналт жүжигчин Мишель Ёо долоон шинэ гишүүний хамт ОУОХ-нд элсэв

    Олон улсын олимпын хорооны 141 дэх чуулга уулзалт Энэтхэг улсын Мумбай хотноо болж мягмар гарагт өндөрлөлөө. Оскарын шагнал хүртсэн Азийн анхны жүжигчин Мишель Ёо Мягмар гарагт Мумбайд болсон ёслолын ажиллагааны үеэр Олон улсын олимпийн хороонд гишүүнээр элслээ.  Тэрбээр Энэтхэгийн санхүүгийн нийслэлд болсон чуулганаар Олимпийн байгууллагад элсэх санал тавьсан шинэ найман гишүүний нэгээр сонгогдсон юм. "Хэн нэгэн надаас чи яагаад жүжигчин болсон бэ гэж асуухад би үргэлж "Би жүжигчин болохыг мөрөөддөггүй байсан харин би хүүхэд байхдаа олимпын тамирчин болохыг мөрөөддөг байсан" гэж хэлдэг байсныг санаж байна" гэж Мишель Ёо сэтгүүлчдэд хэлжээ. 

    “Спорт бол миний өсөж торних амьдралын нэг хэсэг байсан, би сквош, хөнгөн атлетик, усанд сэлэлт, шумбалттай маш их холбоотой байсан. Спорт үргэлж надтай холбоотой байсаар ирсэн, гэхдээ би ОУОХ-ны гэр бүлд сайн ажиллах арга замыг хэрхэн олох вэ гэж бодож байна. Олимпын хорооныхон маш нягт холбоотой бөгөөд тамирчдын хүсэл тэмүүллийг хуваалцаж, тэдний амлалт, үзэл суртлыг хуваалцдаг гэдэгт хүмүүс итгэлтэй байх ёстой. Тиймээс ч ОУОХ-ны үйл хэрэг бол миний итгэдэг зүйл бөгөөд би энэ гэр бүлийн нэг хэсэг байх ёстой гэдгийг батлахын тулд надад бага зэрэг хугацаа шаардлаа." гэжээ. Ийнхүү 141 дэх чуулганы үеэр 8 шинэ гишүүн нэмэгдсэнээр тус холбоо нийт 107 гишүүнтэй боллоо. Энэ удаагийн Их Хуралд 78 гишүүн санал өгсөн юм. Перугийн улс төрч, “Сөүл 1988” олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Сесилия Тайт хамгийн олон буюу 77 санал авч, нэг түдгэлзсэн саналаар ОУОХ-ны гишүүн болжээ. Олон улсын уран гулгалтын холбооны тэргүүн, “Самсунг” компанийн ТУЗ-ын гишүүн Ким Жае Ёл 72 санал авч, нэг нь татгалзсан бол хоёр нь түдгэлзжээ. Шведийн мэргэжилтэн, ширээний теннисийн холбооны тэргүүн Петра Сёрлинг 70 санал авсан юм. Израиль, Палестинийн дайны уршгаар Израилийн ҮОХ-ны Ерөнхийлөгч, тус улсын олимпын анхны медалийг “Барселона 1992” олимпод авч байсан жүдоч Яэль Арад 71 саналаар гишүүн болов.

    Малайзын өсвөрийн сквошны аварга асан Ёо энэ оны эхээр "Бүх зүйл нэг дор" кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг гол дүрийн Оскарын шагналыг хүртсэн юм. Тэрбээр 1997 онд Пирс Броснаны эсрэг тоглосон "Маргааш хэзээ ч үхэхгүй" кинонд Хятад үндэстний анхны Бонд охины дүрд тоглохдоо Холливудынхны хараанд орж ирсэн. Мөн продюсер, НҮБ-ын сайн санааны элчин сайд Ёо тулааны урлагийн "Мөхөөсөн барын далд луу" кино, 2005 онд гарсан "Гейшагийн дурсамж" кино, 2018 онд "Галзуу баян Азиуд" зэрэг романтик инээдмийн кинонд тоглосон зэрэг олон алдартай киноны гол дүрд тоглосон билээ.