MSports logo
Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч гараа, сэлгээг өмнөх тоглолттой холбоотойгоор хийсэн гэв
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 18

  • Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч гараа, сэлгээг өмнөх тоглолттой холбоотойгоор хийсэн гэв

    2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын хариу тоглолтод Афганистаны хөлбөмбөгийн шигшээ баг Монголын багийг 1:0-ээр буулган авч, ялалт байгууллаа. Тоглолтын цорын ганц бөгөөд шийдвэрлэх гоолыг 71 дэх минутад Афганистаны багаас Фаршад Нури оруулж, Афганистаны шигшээ баг 2026 оны дэлхийн аварга, 2027 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн шатанд шалгарлаа. Афганистан 2026 оны дэлхийн аварга, 2027 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Катар, Энэтхэг, Кувейтийн багуудын хамт А хэсэгт багтаж байна. Тэмцээний дараах хэвлэлийн хуралд Афганистаны багийн ахлагч болон дасгалжуулагч нар нутагт нь гурван ч удаа ойр, ойрхон газар хөдлөлт болж буй энэ хүндхэн цаг үед ялалт байгуулж, дараагийн шатанд шалгарч чадсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Харин Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Ичиро Оцука манай залуус хичээсэн, Афганистанд хийсэн тоглолтод муу тоглосон тоглогчдийг харгалзан гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт хийсэн гэж хэвлэлийн хуралд хэлэв. Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон улсын мэргэжилтэн Ичиро Оцука 2022 оны 1-р сарын 18-ний өдөр манай улсад ирсэн бөгөөд тэр цагаас хойш Монгол улсын шигшээ багийг ахлан дасгалжуулж байна.

    Ийнхүү хоёр тоглолтын үр дүнд харамсалтай нь манай шигшээ багийн ДАШТ болон Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны өрсөлдөөн ахин дөрвөн жилийн дараа эргэн ирэхээр болов. Дашрамд сонирхуулахад, сүүлийн тоглолтод Афганистаны ахлах дасгалжуулагч байгаагүй бөгөөд Монголыг хоёр удаа ялж, дараагийн шатанд шалгарсан Афганистаны баг дасгалжуулагчаа халсан байна. Учир нь Абдулл Аль-Мутайри хэмээх кувейт мэргэжилтэн тоглогч нартайгаа муудалцаж, Монголтой хийх тоглолтын өмнө мэдүүлгээ өгөхгүй, багаа 0:3 техникийн ялагдал хүлээлгэх гэж оролдсон гэнэ. Тамирчид нь түүний удирдлага дор тоглохоос татгалзаж, өөрсдөө мэдүүлгээ бичээд Монголтой хийх тоглолтод гарсан гэж Афганистаны хэвлэлд бичжээ.