1998 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Ам бүл тавуулаа. Нэг ах, нэг эгчтэй. Манай гэр бүлд ээж волейболын спортоор хичээллэж байсан. Ах мөн хичээллэж байсан. Багадаа айлын бага болохоор ах, эгчдээ эрхэлдэг хүүхэд байсан. Ахыгаа дагаж, заал их ордог байсан. Ахыг тоглохыг харж, их дагаж явдаг тийм хүүхэд байсан.
Хамгийн анх 11 настайгаасаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Манай төрсөн ах болон үеэл ах нэг үеийнх. Ах нар маань Дорноговийн волейболын шигшээд тоглодог байсан учраас ах нарынхаа тоглохыг хараад волейболд татагдах болсон. Хамгийн анх 12 настайдаа аймгийн өсвөрийн аваргад орж байсан. Тэр үе хамгийн нандин байсан. Анхны тэмцээн байсан болохоор бүгдийг нь хожно гэсэн зорилготой орж байсан ч ихэнхэд нь хожигдож, шар хөдөлж байсан. Би волейболын пүүзэнд их дуртай байсан. Загварыг нь хараад гоё юмаа гэж бодоод ээжээрээ “Mizuno”-гийн пүүз авхуулж байсан нь их дурсамжтай санагддаг. Өнгөрсөн улирлын шилдэг холбогч болсон тухайд бол өмнө нь Хасу Мегастарст тоглодог байж байгаад өнгөрсөн улиралд Баянхонгорын багт гараанд гарч, анх удаа баг ахалж тоглосон учраас онцгой байсан. Өмнө нь сэлгээнээс тоглодог байсан бол өнгөрсөн улиралд гараанд гарч тоглоод лигийн шилдэг холбогч болсон доо баяртай байна.
Чөлөөт цагаараа “Play station” тоглох дуртай. Голдуу NBA тоглодог. Волейболын спортоос өөр гэвэл сагсан бөмбөгт дуртай. Бусад орнуудын лигийн тоглолтууд, дэлхийн аваргын тэмцээнүүд үзэж мотивац авдаг.
Эмэгтэй хүний биед нэг өдөр орох боломж гарвал хамгийн түрүүнд төрж үзэх байсан байх. Ямар өвдөлт, ямар зүйлийг туулдаг вэ гэдгийг мэдэх байсан.
Олны танил хүмүүсээс “Wonder Woman” буюу Gal Gadot-ийг крашладаг байсан.
Мөнхсайхан болон Даваажаргал ахаас үлгэр дуурайлал авдаг. Гадаадаас бол Америкийн шигшээ багийн холбогч Кристинсон, Ираны холбон тоглогч Маруф нараас тоглолтыг нь үзэж үлгэр дуурайлал авдаг байгаа.
Онцлох амжилтуудын хувьд 2016, 2017 оны залуучуудын УАШТ-ий алтан медаль, шилдэг холбогч, 2018 оны залуучуудын УАШТ-ий мөнгөн медаль, шилдэг холбогч. 2019 оны үндэсний дээд лигийн алт, 2021 оны дээд лигийн мөнгөн медаль, 2022 оны Бүх Ард түмний спиртакиадын хүрэл медаль, 2022 оны дээд лигийн алтан медаль, шилдэг холбогч. Цаашдын зорилго гэвэл Монгол улсын шигшээ багтаа багтаж, олон улсад амжилт гаргах зорилготой.
Эмэгтэй хүний өөрийнхөө биеийг авч яваа байдал нь таалагддаг. Өөртөө анхаардаг, бас гоё үнэр үнэртүүлсэн эмэгтэй хүн таалагддаг.
Өндрөөс хамгийн их айдаг. Өндөр дээр гараад доошоо харахаар толгойгоо даалгүй уначих вий гэж бодогдоод байдаг. Бас том нохойнуудаас айдаг. Багадаа нохойнд уруулж байсан болохоор том нохойноос айдаг.
Дээд лигийн шилдэг холбогч болсны дараа хайрлаж, хүндэлж, зааж сургаж байсан ах нар, эгч нар, багш дасгалжуулагчдаас гоё урмын үгсийг сонссон. Тэр үгс нь гэвэл “Энэ жил чинийх байсан шүү”. “Сайн хичээгээд шигшээ багтаа багтаарай”. “Чи чадна аа” зэрэг үгүүдийг хэлж байсан нь амьдралдаа сонссон хамгийн гоё урмын үгс байсан.