Одоогийн дэлхийн шилдэг 20 тоглогчийн 15 нь PGA Tour-ын анхны улиралд оролцохоор гарын үсэг зурсан 24 тоглогчийн тоонд багтжээ. Энэхүү лигийн тэмцээнийг Флорида дахь тусгай зориулалтын талбайд зохион байгуулж, телевизээр дамжуулахаар болжээ. Серена болон Винус Уильямс, Стивен Көрри, Ливерпүүлийн эзэд болох Fenway Sports Group зэрэг алдартнууд энэхүү лигийн дэмжигчдийн дунд байна. Тэмцээний шагналын мөнгө багуудын нэр, эзэн, эсвэл гольфчин тус бүр аль багт тоглох зэрэг олон нарийн ширийн зүйлийг эцэслэн шийдээгүй байгаа аж. TGL гэж нэрлэгддэг лигийг 2022 оны 8-р сард Вүүдс ба Макилрой нарын эхлүүлсэн технологид суурилсан спортын компани “TMRW Sports” удирдахаар болсон юм. Улмаар дөрвөн тоглогчтой зургаан баг лигт оролцож, нэг удаа лигийн хэлбэрээр тоглоно. Дөрвөн тоглогчийн гурав нь нэг төрөлд өрсөлдөх журамтай юм байна. Одоогоор АНУ-ын Атланта, Бостон, Лос Анжелес, Нью-Йорк, Сан Франциско хотуудтай холбоотой таван багийг зарлаад байна. NBA-гийн од С.Көрри Сан Францискогийн багийг дэмжиж байгаа бол теннисний агуу тоглогчид болох эгч, дүү Уильямс нар Лос Анжелесийн багт дэмжлэг үзүүлж байгаа хүмүүсийн нэг юм. Харин Fenway Sports Group нь Бостоны талтай холбоотой байгаа гэнэ. “Palm Beach State College"-ийн талбайд тоглолт бүрийг зохион байгуулах бөгөөд АНУ-д тоглох, шууд дамжуулахад хоёр цаг орчим хугацаа шаардагдах юм байна. Тус танхим нь ойролцоогоор 1600 үзэгч хүлээн авах боломжтой юм. “High-Tech League”-т мэдээжийн хэрэг Тайгер Вүүдс, Рори Макилрой, Испанийн Жон Рахм, Америкийн Жастин Томас зэрэг шилдгүүд бүртгүүлсэн байна. Тэдний араас дэлхийн номер нэг Скотти Шеффлер болон түүний хамтрагч Америкийн гольфчид болох Патрик Кантлэй, Рики Фаулер, Коллин Морикава, Макс Хома, Ксандер Шауффеле нар нэгдсэн байна. Мөн Английн шигшээ багийг Мэтт Фицпатрик, Томми Флитвүд, Тиррел Хаттон, Жастин Рөүз нар төлөөлж, Ирландын Шэйн Лоури нар тоглох нь тодорхой гэж зохион байгуулагчид мэдэгдэж байна.