MSports logo
Дрэймонд Грийн: Клэй Томпсоны үйлдэл надад инээдтэй санагдаж байна
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 17

  • Дрэймонд Грийн: Клэй Томпсоны үйлдэл надад инээдтэй санагдаж байна

    Энэ долоо хоногийн эхээр Голден Стэйт Уарриорс багийн од Клэй Томпсон багийнхаа сошиал хуудас болох Instagram дээрх хаягийг дагахаа больж, фенүүд болон сагсан бөмбөг сонирхогчид түүний дараагийн үйлдлийг чих тавин суугаа. Энэ зун чөлөөт агент болох Клэй Томпсон өөрийн сошиал хаяг дээрх Уарриорстой холбоотой бүх бичлэгийг устгасан байна. Харин энэ талаар Голден Стэйтийн тоглогч Дрэймонд Грийн өөрийн подкаст дээрээ "Та бүхэн намайг Клэй Уарриорсыг дагахаа больж, зарим instagram дээрх бичлэгүүдээ устгасан талаар ярихыг минь тэсэн ядан хүлээж байгаа. Би тийм зүйл болсныг мэдээгүй. Би үүнийг инээдтэй явдал гэж бодож байна. Та нар бүгд хэн ямар нэгэн таагүй зүйл болохыг хүлээж байгаа байх. Гэхдээ тийм зүйл хэзээ ч болохгүй” хэмээн мэдэгджээ. 

    Дрэймонд Грийн: Клэй Томпсоны үйлдэл надад инээдтэй санагдаж байна

    Томпсон 2011 оны драфтын 11-р сонголтоор Уарриорст сонгогдсоныхоо дараа Алтан мужид NBA-ийн замналыхаа бүхий л жилийг өнгөрүүлсэн билээ. Томпсон, Грийн, Стефен Көрри нар 2015, 2017, 2018, 2022 онд нийтдээ дөрвөн удаа хамтдаа аварга авч байсан тоглогчид юм. Харин одоо Голден Стэйт салаа замын уулзвар дээр ирээд байгаа. Көрри, Грийн нар 2025-26 оны улирал дуусах хүртэл гэрээтэй хэвээр байгаа бол Томпсон энэ зун чөлөөт агент болж байна. Тэрбээр "Уарриорс"-ын өмсгөл өмсөж зодог тайлах хүсэлтэй байгаагаа олон удаа илэрхийлсэн бөгөөд “Голден Стэйт”-ийн хуучин тоглогчид ч бүгд түүнтэй санаа нэгтэй байгаа. 

    Дөрөвдүгээр сард Томпсоны талаар дасгалжуулагч Стив Керр "Түүнд сайхан жилүүд үлдсэн хэвээр байна. Бид түүнийг багтаа үлдээхийг хүсэж байгаа" хэмээн мэдэгдсэн. Томпсон 6-р сарын 30-нд чөлөөт агентын зах зээл нээгдэх үед NBA-ийн замналынхаа дараагийн алхмын томоохон шийдвэрийг гаргах юм.