MSports logo
КАТАРТ 20,000 ОРЧИМ САЙН ДУРЫНХАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • А
    Админ

    11 сарын 24

  • КАТАРТ 20,000 ОРЧИМ САЙН ДУРЫНХАН АЖИЛЛАЖ БАЙНА

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга, Европын гурван удаагийн аварга Герман болон 2010 оны дэлхийн аварга Испаний шигшээ багийн хамтаар үхлийн гэж нэрлэгдээд байгаа “E” хэсэгт багтсан Япончууд Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо Германы эсрэг лхагва гарагт хийлээ. Европын хүчирхэг багийн эсрэг Азийн төлөөлөл тоглох нь хожлоор өндөрлөх магадлал тоглолтын өмнө бараг боломжгүй байсан билээ. Саудын Араб Аргентиныг хожсоны дараа Катар 2022 дэлхийн аваргын талбайд ахин нэг сенсаацтай тоглолтыг Япончууд толилууллаа. Лхагва гарагийн орой Дохагийн Халифа олон улсын цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтонд эхний хагаст Германчуудын давамгайлал дор өнгөрсөн. Эхний хагаст Герман Илкай Гүндоганы торгуулийн цохилтоор тэргүүлсэн ч Японы шигшээ багийн сэлгээнээс Рицу Доан, Такума Асано нар сүүлийн 15 минутад гоолдож тооны харьцааг эргүүлсэн. Улмаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол фаворитуудын нэгээр нэрлэгдэж байсан Германыг Японы шигшээ баг 2:1-ээр хожсон нь Германы багийн ганхсан байгааг, хамгаалалт, хяналт сайнгүй байгааг харуулав.

    Японы тоглогчид асар их өөрчлөлтийг авчирч байна. Дөрвөн жилийн өмнө Япон Бельгийн багийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарахын даваан дээр мултарч байсан. Энэ удаад тэд дэлхийн дөрвөн удаагийн аварга Германыг хожсон түүхэн дэх хамгийн том цохилтоор тэмцээнийг эхлүүлж байна. Ялангуяа сэлгээний өөрчлөлтүүд Японд алтан боломжыг олгов. Хаалгач Шуйчи Гонда шаардлагагүй торгуулийн цохилтыг алдсаны дараа гоол алдсан Японы багийн дасгалжуулагч Хажимэ Мориясу бүх сэлгээгээ амжилттай хийсэн. Каору Митома зүүн жигүүрт сэргэлтийг авчирсан бол Такума Асано бол эрч хүч, нарийвчлалын илэрхийлэл болсон. Мөн Такэхиро Томиясу тогтвортой ар тал байж, Японыг илүү довтолж, Такуми Минамино тоглолтод том үүрэг гүйцэтгэсэн. Ийнхүү Азийн төлөөлөл болсон Саудын Араб, Япон зэрэг багууд дэлхийн аваргын салхийг төсөөлшгүй байдлаар илэрхийлж байна.

     

    Германы улс төрч Нэнси Фазер ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантиногийн хажууд “OneLove” тууз зүүж суун энэхүү тоглолтыг үзсэн юм. Тоглолтын дараа харин Японы тоглогчид болон Япон фанатууд олны талархлын дунд байна. Учир нь Цэнхэр Самурай багийн дэмжигчид Катарт бусад хөлбөмбөг сонирхогчдыг гарсны дараа цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэсэн нь өвөрмөц Японы уламжлал хэмээн магтаал хүртэж байна. Тодруулбал, Германы багийг хожсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид үлдэж, Халифа олон улсын цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэхэд тусалжээ.

    Цэнгэлдэх хүрээлэн хоосромогц Японы дэмжигчид нэг удаагийн цайвар цэнхэр хогийн уут гаргаж ирээд цэвэрлэгээний ажилд орсон байна. Японы шүтэн бишрэгч Данно "Таны онцгой гэж бодож байгаа зүйл бол бидний хувьд ер бусын зүйл биш, ердийн л зүйл" гэж хэлжээ. Японы шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 27-ны өдөр Коста Рика улсын эсрэг хийх бол Германчууд Испанийн эсрэг тоглох хуваарьтай байна. 

    Н.Бэлгүүн