1994 оны 8 сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн. Манай гэр бүлд мэргэжлийн түвшинд спортоор хичээллэж байсан. Спортын удам байхгүй, би хамгийн анхных. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Ам бүл гурвуулаа. Багадаа ерөнхийдөө хөдөлгөөнтэй нэлээд сахилгагүй гэж хэлж болохоор хүүхэд байсан.
Хамгийн анх 7 настайдаа “Нэгэн бүл” Таеквондогийн клубт элсэж орон хичээллэж эхэлсэн. Цагаан хувцастай хүмүүс гоё уран өшиглөлт хийж байхыг хараад энэхүү спортод дурлаж байсан. Гэр бүлийнхэн минь маш их дэмждэг байсан. Хүүхэд байхдаа Яармагаас Сансар луу бэлтгэлдээ явдаг байсан. Хол ч гэсэн нэг ч удаа бэлтгэлээсээ хоцорч үзээгүй нэг ч удаа тасалж үзээгүй тэгж их хичээж, дурлаж явдаг байсан.
Олимпын эрхийн төлөөх тэмцээнд бэлдэж байхдаа эхнэртэйгээ ярилцаж ойлголцоод бүх анхаарал, бүх цагаа зарцуулж бэлтгэл сургуулилтаа үнэхээр сайн хийж чадсан. Баруун өвдөгний чагтан холбоос тасарсан оноштой олимпын эрхийн тэмцээнд бүх зүйлээ зориулж бэлдсэн дээ хэхэ.. Өндөр амжилт үзүүлэхэд гэр бүлийн дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Жишээ нь бэлтгэл тараад ороход биед хэрэгтэй шим тэжээлтэй эрүүл хоол бэлдээд тавих, мөн жин хасаж байгаа үед хажууд янз бүрийн хоол идэхгүй байх гэх мэт.
Таеквондогийн спортоос гадна сагсан бөмбөгийн спортыг сонирхож үздэг. Тийм сайн биш ч чөлөөт цагаараа тоглох дуртай.
Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Уранцэцэг эгчээс маш их үлгэр дуурайлал авдаг. Тэмцээний зөвлөгөө жин хасах зөвлөгөө гэх мэт хэрэгтэй зүйлүүдээ Урнаа эгчээс асуудаг.
Амьдралдаа баримталдаг зарчим бол яг зорилгынхоо дагуу зөв гэсэн зүйлдээ л анхаарлаа хандуулахыг хамгийн чухал гэж боддог.
Эмэгтэй хүний шулуун шударга занд хамгийн их дуртай. Эхнэрийнхээ ч мөн тэр зан чанарт татагдсан.
Олон жил мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэлтэй байсан. Яг одоогоор амралтаа авсан байгаа. Одоо бол сайн аав сайн нөхөр. Цаашдаа өөрийн гэсэн клубийг нээгээд хүүхэд залуустаа сурсан мэдсэнээ зааж сурган мэргэжлийн тамирчид бэлтгэнэ гэж боддог.
Амлалтдаа хүрдэггүй хүнд хамгийн дургүй. Мөн хүнд тус хүргэснийхээ дараагаар хариу нэхдэг хүнд дургүй.
Сэтгэлээр унасан үедээ чихэвчээ зүүгээд ядарч унатлаа хол замд гүйх дуртай.