MSports logo
АЛЕКС ПЕРЕЙРА ӨӨРИЙНХӨӨ ХАМГИЙН ТОМ ӨРСӨЛДӨГЧИЙГ 2014 ОНД ЯЛЖ, ХОЛИМОГ ТУЛААНЫ ОРГИЛД ГЯЛАЛЗАХ ОДДЫН НЭГ БОЛСОН ТҮҮХ
  • А
    Админ

    11 сарын 12

  • АЛЕКС ПЕРЕЙРА ӨӨРИЙНХӨӨ ХАМГИЙН ТОМ ӨРСӨЛДӨГЧИЙГ 2014 ОНД ЯЛЖ, ХОЛИМОГ ТУЛААНЫ ОРГИЛД ГЯЛАЛЗАХ ОДДЫН НЭГ БОЛСОН ТҮҮХ

    Зарим хүмүүс алдар, нэр хүндийн төлөө спортоор хичээллэдэг. Зарим хүмүүсийн хувьд төрлөхийн авьяас нь спорт руу хөтөлдөг. Харин Дэлхийн хамгийн нэр хүндтэй холимог тулааны холбоо болох “UFC”-ын дунд жингийн шинэхэн аварга Алекс Перейра хувьд арай өөр зүйлийн төлөө спортын ертөнцөд хөл тавьсан байдаг.

    Алекс Перейра нь 1987 оны 7 дугаар сарын 7-нд мэндэлсэн бөгөөд, Бразил улсын Сан Пауло мужийн, Сан Бернардо до Кампо хотын “Фавела” буюу ядуусын хороололд бага насаа өнгөрүүлсэн. Перейра бага насныхаа талаар “Би өөрийгөө хэзээ ч сайхан амьдарна гэж бодож байгаагүй. мотоцилкьтой болох л миний мөрөөдөл байсан. учир нь машин авах, байшинтай болох зэрэг зүйлүүд миний хувьд бодит биш санагддаг байсан” хэмээн ярьж байжээ. Түүнийг 12 настай байхад эцэг, эх нь нас барж, ядуусын хорооллын хар бараан зүйлсээс 9 настай охин дүүгээ хамгаалах үүргийг хүлээсэн юм. Тэрбээр эцэг, эх гэр бүлийнхээ талаар тэр бүр яриад байдаггүй. Харин түүний төрсөн дүү Алин Перейра нь мөн  холимог тулааны тамирчин бөгөөд, “Глори” холбоонд хөнгөн жингийн аварга бүсийг эзэмшиж байсан нэгэн.

    Охин дүүтэйгээ хоёулхнаа үлдсэн Алекс Перейра сургуулиа хаяж, мөнгө олохын тулд дугуй засварын газар ажиллаж эхэлсэн. Харамсалай нь дугуй засварт ажиллах нь тийм ч зөв сонголт байгаагүй. Перейра 13 насандаа хүрээллийнхээ нөлөөгөөр архи хэргэлж эхэлсэн ба 19 насандаа архинаас бүрэн хамааралтай болсон байв.  Тэрбээр хэт их ууж архинаас хамааралтай болсноо анзаараад “Залуу минь спортоор хичээллэ. Спорт л хүний амьдралыг сайнаар өөрчилж чадна” хэмээн өөрөө, өөртөө хэлж байжээ. Спортоор хичээллэх гэдэг Бразил хүний хувьд хөлбөмбөг тоглох гэдгээс ялгаагүй. Харин Перейра хөлбөмбөг тоглох байтугай, бараг бөмбөг өшиглөж үзээгүй  нэгэн байлаа. Багаасаа ядуусын хороололд зодолдож өссөн түүний хувьд тулааны спорт амьдралд хамгийн ойр сонголт байсан юм. Ийнхүү 2009 онд анх кикбоксоор хичээллэж, Дэлхийн хамгийн нэр хүндтэй холбооны аварга болох замналаа эхлүүлсэн билээ. Гэвч архинаас гарга гэдэг тийм ч амар зүйл байсангүй. Нэг сар тэвчинэ, буцаад л ууна. Хоёр сар тэвчинэ, бүр зургаан сар тэвчинэ, буцаад л ууна.

    Иймэрхүү байдлаар гурван жил кикбоксоор хичээллэсний эцэст Алекс Перейра Бразилын кикбоксын аварга болсон ч, архины хамаарлаасаа салах гэсэн туйлын зорилготоо хүрч чадаагүй байжээ. Түүний цаашдын замналд саад болж байсан ганц зүйл нь архи байсан учраас, архинаас гарахын тулд исламын шашны үзэл баримтлалыг амьдралдаа мөрдөж, улмаар 2014 онд архины хамаарлаасаа бүрэн ангижирч, түүнээс хойш одоог хүртэл нэг ч дусал архи амсаагүй аж. 

    Ийнхүү Алекс Перейра 2014 онд өөрийнхөө хамгийн том өрсөлдөгч болох архийг ялан дийлж, 2021 онд кикбоксын “Глори” холбооны 2 жингийн бүсийг зэрэг эзэмшсэн анхны тамирчин болсон. Мөн өнөөдөр “UFC” холбооны дунд жингийн босоо аварга байсан Израиль Адесаняаг хүнд цохилтоор урдаа сөхрүүлэн  “Мэдисон Скуатд” цугласан 20 мянга гаруй үзэгчийн өмнө аваргын бүсийг булаан авч, Дэлхийд өөрийгөө тунхаглалаа.

     

    Эх сурвалжууд: mmafighting.com

    Э.Мандалбаяр