MSports logo
ПАРА ЖҮДО БӨХИЙН ДАШТ-С МОНГОЛ УЛС ТҮҮХЭНДЭЭ АНХНЫ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    11 сарын 10

  • ПАРА ЖҮДО БӨХИЙН ДАШТ-С МОНГОЛ УЛС ТҮҮХЭНДЭЭ АНХНЫ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

    Пара Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжан улсын нийслэл Баку хотод энэ сарын 8-наас, 10-ны хооронд болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь ганцаарчилсан J1, J2 ангилал тус бүр найман жин болон эрэгтэй, эмэгтэй багийн төрөл гэсэн ангиллуудад, нийт 18-н багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Пара Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 41 орны, шилдэг 241 тамирчин өрсөлдсөн бөгөөд, манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор есөн тамирчин оролцлоо. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус тэмцээний J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. Тус тэмцээний медалийн чансааг Турк улсын тамирчид 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол, Украины тамирчид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилттай дэд байранд, Бразил улсын тамирчид 2 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальтай гуравт эрэмбэлэгджээ.

    Багийн барилдааны эмэгтэй ангилалд Украин алтан медаль хүртэж, мөнгөн медалийг Бразил, хүрэл медалийг Турк болон Дэлхийн хараагүйчүүдийн спортын хорооны далбаан дор барилдсан Оросын багууд эзэлжээ. Харин багийн эрэгтэй ангилалд зохион байгуулагч Азарбайжан улсын баг аваргаар тодорч, Туркийн баг мөнгөн медаль хүртсэн бол Бразил, Казахстаны багууд хүрэл медалийн тавцан дээр хамт зогсжээ. Дөрөв дэх удаагаа зохиогдож байгаа тус тэмцээнд Монгол улсын баг тамирчид өмнө нь 2 удаа шагналт тав дугаар байр, 2 удаа долоодугаар байр эзэлж байсан.

    Э.Мандалбая