Пүрэв гарагт олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -50кг жинд Энэтхэгийн бөх Винеш Фогат алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Сара Хилдебрандтай өрсөлдөхөөр шалгарсан ч 100 грамм жингийн илүү байсан гэсэн шалтгаанаар финалд оролцож чадалгүй тэмцээнээс хасагдсан.
Гэсэн ч тэрээр мөнгөн медаль авахын тулд "Спортын арбитрын (маргааныг хөндлөнгийн шүүхээр шийдвэрлүүлэх) шүүх"-д (CAS) дараа нь ханджээ. Фогат "эрхээ хасуулсан хэдий ч мөнгөн медалиар шагнуулахыг хүсч байна" гэж нэгэн мэдээлэлд дурджээ. Нэг өдрийн дараа эцсийн шийдвэр гарна гэж CAS-с мэдэгдсэн байна. Энэтхэгийн олимпын холбоо (IOA) тамирчныхаа талаарх хувийн нууцыг хадгалахыг хүссэн бөгөөд Фогат эрхээ хасуулсны дараа Олимпын тосгоны поликлиникийн эмнэлэгт хэвтжээ.
Фогат мөн олон нийтийн сүлжээгээр дамжуулан спортоо орхиж байгаагаа зарлаж "2001-2024 оныг зориулсан бөхийн спорт минь баяртай. Би та бүхэнд үүрд өртэй боллоо. Намайг уучлаарай." гэж бичжээ.