Хөнгөн атлетикийн супер од Шведийн тамирчин Мондо Дуплантис Парисын олимпын наадамд тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилж 6.25 метрийн өндөрт харайв. Энэхүү амжилт нь түүний эвдэж буй 9 дэх дэлхийн рекорд бөгөөд, энэ төрөлдөө бүрэн ноёрхож буйгаа Парисын наадамд дахин нотоллоо. Тэрбээр сүүлийн жилүүдэд бусадтай биш өөртэйгөө өрсөлдөж явна гэхэд буруудахгүй.
Парисын "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнд тэрбээр үзэгчдийн уухайн дунд 6.25 метр өндөрт үсэрсэн нь Ванда Даймонд лигийн улирлын нээлтийн үеэр тогтоосон 6.24 метрийн дээд амжилтаа дахин нэг см-ээр ахиулсан амжилт боллоо.
Олимпын алтан медаль хүртсэнийхээ дараа Дуплантис “Юу хэлэхээ мэдэхгүй байна. Олимпод дэлхийн дээд амжилтыг эвдлээ. Тулгуур харайлтын дэлхийн хамгийн том дэвжээнд шүү дээ. Миний багаасаа мөрөөдсөн хамгийн том мөрөөдөл бол олимпод дэлхийн дээд амжилтыг эвдэх байсан. Миний хамт өрсөлдөж буй хамгийн шилдэг хүмүүсийн өмнө үүнийгээ биелүүлж чадлаа" хэмээн тэр хэлэв.